Иудейчүүдийг устгах хэргийг Хаман хариуцав

3  1 Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов. 2 Хаан түүний тухайд тийн зарлигдсан тул хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх түшмэд Хаманд сөхрөн мэхийв. Харин Мордехаи сөхөрсөн ч үгүй, мэхийсэн ч үгүй. 3 Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны түшмэд, Мордехаид

—Чи юунд хааны тушаалыг зөрчинө вэ? гэв. 4 Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс Мордехаиг үгээрээ байх эсэхийг харахаар тэд түүнийг Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн гэж хэлжээ. 5 Мордехаиг өөрт нь сөхрөх ч үгүй, мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв. 6 Гэвч ганц Мордехаин аминд гар хүрэх нь түүнд бага санагдав. Мордехаин ард түмэн нь хэн болохыг тэд түүнд мэдүүлсэн учир Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн болох бүх иудей хүнийг хөнөөхөөр Хаман санаархав. 7 Ахашверош хааны арван хоёрдугаар оны Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдөр өдрийн, сар сарын пур хэмээх шавгыг орхин, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов. 8 Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв.

 —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм. 9 Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгахыг зарлигдан бичигтүн. Тэгээд хааны сан хөмрөгт оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт би арван мянган талант мөнгийг тушаана гэв. 10 Тэгэхэд хаан гараасаа тамгат бөгжөө авч, иудейчүүдийн өстөн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв. 11 Хаан, Хаманд

 —Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Тааллаар тэдэнд үйлдэгтүн гэв. 12 Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж, хааны тамгат бөгжөөр лацаджээ. 13 Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гуравны өдөр хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд буюу бүх иудей хүнийг нэг өдрийн дотор устгаж, алж, хүйс тэмтэрч мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай гэсэн захидлуудыг хааны бүх аймагт зарлагуудын гараар илгээв. 14 Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, тэр өдөрт бэлтгэхийг бүх ард түмэнд тунхаглав. 15 Хааны зарлигаар зарлагууд яаран гарч явцгаав. Сусагийн цайзнаа ч зарлиг гарч, хаан, Хаман нар дарс уухаар сууцгаахад Суса хот үймэв.