Мордехаиг хаан хүндэтгэв

6  1 Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж, тэрээр өдрийн хэрэг явдлын тойм номыг авчрахыг тушаасанд тэдгээрийг хааны өмнө уншив. 2 Хаан Ахашверошийн аминд хүрэхийг санаархсан, босгоны сахиул хоёр тайган Бигтан, Тереш нарын талаар Мордехаи хэрхэн мэдээлсэн тухай тэнд бичигдсэн байсныг олов. 3 Тэгээд хаан

 —Ингэснийх нь төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд өөрт нь үйлчилж байсан хааны зарц нар

 —Түүнд юу ч хийгээгүй байгаа гэж хаанд хариулав. 4 Хаан

 —Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман, Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны өргөөний гадаад ордонд дөнгөж орж ирээд байлаа. 5 Хааны зарц нар түүнд

 —Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан

 —Түүнийг оруул! гэв. 6 Тэгээд Хаманыг орж ирэхэд хаан түүнд

 —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд юу хийх ёстой вэ? гэхэд Хаман зүрх сэтгэлдээ “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлээд 7 хаанд хариулахдаа

 —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд 8 хааны өмсдөг дээл, хааны унадаг морийг авчруулж, толгойд нь хааны титмийгв тавиулж, 9 дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалсан хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэнэ” гэж өмнө нь тунхаглаг! гэв. 10 Тэгэхэд хаан, Хаманд

 —Бушуул, өөрийнхөө хэлснээр дээл болон морийг авч, хааны дааман хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийн хэлсэн бүхнээс юу ч бүү орхигдуул! гэв. 11 Ингээд Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн

 —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэгдэнэ гэж өмнө нь тунхаглав. 12 Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав. 13 Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхөртөө ярив. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь

 —Чиний доройтол өмнө нь эхэлсэн тэр Мордехаи хэрэв иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө унах болно гэв. Хаманы унал ба Мордехаин амжилт 14 Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.