Иудейчүүдийн дайснууд сүйрэв

9 1 Ингээд арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөр хааны тушаал ба зарлигийг гүйцэтгэх болсон бөгөөд иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, өөрсдийг нь үзэн ядагчдыг иудейчүүд эзэгнэв. 2 Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд өөрсдөд нь мөхлийг хүсэгчдийг гардан хөнөөхөөр тус тусын хотуудад цуглацгаасан бөгөөд тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмөрсөн тул хэн ч тэднийг сөрөн зогсож чадсангүй. 3 Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав. 4 Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв. 5 Ийнхүү иудейчүүд бүх дайснаа илдний ирээр цохиж, хүйс тэмтрэн устгалаа. Тэд өстнүүдийнхээ эсрэг дур зоргоороо үйлдэв. 6 Суса цайзад иудейчүүд таван зуун хүнийг алж устгалаа. 7 Мөн Паршандата, Далфон, Аспата, 8 Пората, Адалиа, Аридата, 9 Пармашта, Арисаи, Аридаи болон Ваизата нарыг буюу 10 иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй. 11 Тэр өдөр Суса цайзад алагдсан хүмүүсийн тоог хаанд мэдэгдэхэд 12 хаан, хатан Естерт

 —Иудейчүүд Суса цайзад таван зуун хүнийг бас Хаманы арван хөвгүүнийг алж, хүйс тэмтэрсэн байна. Тэгвэл хааны бусад аймагт тэд юуг үйлдсэн бол доо? Одоо чиний гуйлт юу вэ? Тэр нь чамд өгөгдөнө. Чи өөр юу хүсээ вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. 13 Тэгэхэд Естер

 —Хэрэв хаан үүнийг таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор маргааш ч мөн үйлдэхийг Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөг. Мөн Хаманы арван хөвгүүнийг ч дүүжлүүрт дүүжлэг гэж хэлэв. 14 Хаан тийнхүү үйлдэг гэж зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. 15 Сусад буй иудейчүүд Адар сарын мөн арван дөрөвний өдөр цуглацгаан Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд олзонд гар хүрсэнгүй. 16 Мөн хааны аймгуудад буй бусад иудейчүүд амиа хамгаалан дайснуудаасаа ангижрахын тулд цуглаж, өстнүүдээсээ далан таван мянгыг алав. Гэвч тэд олзонд гар хүрсэнгүй. 17 Энэ нь Адар сарын арван гуравны өдөр бөгөөд арван дөрөвний өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов.

Пурим баярыг тэмдэглэсэн нь

 18 Харин Сусад буй иудейчүүд тэр сарын арван гуравны болон арван дөрөвний өдөр цугларч, арван тавны өдөр нь амарцгаан энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. 19 Тиймээс бэхлэлтгүй хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөвний өдрийг баясал, найр наадмаар өнгөрүүлж, бие биендээ идээний хувийг илгээх баярын өдөр болгодог. 20 Тэгээд Мордехаи эдгээрийг тэмдэглүүлж, Ахашверош хааны хол ойрын бүх аймагт амьдрагч бүх иудей хүнд захидлууд илгээн 21 жил бүрийн Адар сарын арван дөрөвний өдөр мөн арван тавны өдрийг сахин тэмдэглэхийг үүрэг болгов. 22 Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв. 23 Ийнхүү иудейчүүд хийж эхэлсэн зүйлээ Мордехаин тэдэнд бичсэн ёсоор заншил болгон авав. 24 Учир нь бүх иудейчүүдийн дайсан, агаг хүн, Хаммедатагийн хүү Хаман иудейчүүдийг хүйс тэмтрэхээр тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган хүйс тэмтрэхээр пур буюу шавга орхин шодсон билээ. 25 Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав. 26 Тиймээс энэ өдрүүдийг тэд пурын нэрээр Пурим гэж нэрлэв. Ингээд уг захидлын бүх үг болон энэ тухайд тэдний үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж 27 жил бүрийн товлогдсон цаг болоод ёс журмын дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд үүнийг иудейчүүд өөрсдөдөө, үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд тогтоож, заншил болгон хүлээн авав. 28 Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл бүхэн, аймаг болон хот бүрд дурсан санаж, тэмдэглэх ёстой байв. Пуримийн энэ өдрүүд иудейчүүдийн дундаас арчигдах ч юмуу эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй байв. 29 Пуримийн тухай энэ хоёр дахь захидлыг батлахаар, Абихаилын охин Естер хатан ба иудей Мордехаи нар бүрэн эрх мэдэлтэйгээр бичив. 30 Амар тайван ба үнэний үгстэй захидлууд Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон аймагт буй бүх иудей хүнд илгээгдэж, 31 Пуримийн өдрүүдийг тогтоосон цагт нь сахих зарлигийг иудей хүн Мордехаи ба Естер хатнаас иудейчүүдэд зарлигдсан бөгөөд энэ нь мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө мөн үр удамдаа ёсчлон тогтоосны адил тогтоохын тулд байлаа. 32 Ингээд Естерийн айлдлага нь Пуримийн талаарх энэ заншлуудыг баталсан бөгөөд энэ нь номд бичигдэв.