Естер хатан болов

2  1 Эдгээрийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэрээр Ваштийг, түүний юу хийснийг мөн түүний эсрэг юу зарлигласнаа санав. 2 Тэгэхэд хаанд үйлчилж байсан бараа бологчид нь

 —Хаанд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охидыг эрж олог. 3 Хаан хаанчлалынхаа бүх аймагт хянагч нарыг томилж, тэд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охин бүрийг Суса цайз дахь эмэгтэйчүүдийн өргөө уруу, эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаин мэдэл ба гар дор цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг өгсүгэй! 4 Тийнхүү хааны нүднээ тааллыг олсон залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэж хэлэв. Энэ үг хааны нүднээ таатай байсан бөгөөд тэр түүнчлэн үйлдэв. 5 Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв. 6 Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм. 7 Авга ахынх нь охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм. 8 Ингээд хааны зарлиг лүндэнг сонордуулахад, олон залуу эмэгтэй Суса цайзнаа Хегаин мэдэл, гар дор цуглацгааж байхад Естер ч мөн хааны өргөөнд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин мэдэл, гар дор хүргэгджээ. 9 Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэрээр Естерийг оо энгэсэг болон хувь хишгээр нь үтэр түргэн хангаж, түүнд хааны өргөөнөөс долоон шилмэл шивэгчнийг өгөөд, түүнийг болон шивэгчингүүдийг нь эмэгтэйчүүдийн өргөөний хамгийн сайн газарт шилжүүлэв. 10 Естер ард түмнээ ч, үндэс угсаагаа ч илчилсэнгүй. Учир нь тэднийг илчлэн ярьж болохгүй гэж Мордехаи түүнд захижээ. 11 Тэгээд Естерийн амар амгаланг болон түүнд юу тохиолдож байгааг мэдэх гэж эмэгтэйчүүдийн өргөөний хашааны өмнүүр Мордехаи өдөр бүр холхидог байв. 12 Эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэл буюу миррийн тосны зургаан сар, тэгээд үнэртэн болон эмэгтэйчүүдийн оо энгэсгийн зургаан сарыг гүйцээсэн залуу эмэгтэй бүрийн, хаан Ахашверош уруу очих ээлж нь болоход 13 залуу эмэгтэй хаан уруу ийн ордог байв. Эмэгтэйчүүдийн өргөөнөөс хааны өргөө уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгддөг байлаа. 14 Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэл, гар дор очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.

 15 Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов. 16 Ингээд Ахашверошийн хаант засгийн долдугаар оны Тебет буюу аравдугаар сард Естерийг хааны ордонд, Ахашверош хаан дээр авчрав. 17 Хаан, Естерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон тул тэрээр хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. 18 Тэгээд хаан их найр буюу Естерийн найрыг бүх ноён болон албат нартаа зориулан хийсэн бөгөөд мөн аймгууддаа баярын өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгөв.

Мордехаи хуйвалдааныг илрүүлэв

19 Тэгээд онгон охидыг хоёр дахь удаагаа хамтад нь цуглуулахад Мордехаи хааны дааман хаалган тушаа сууж байв. 20 Мордехаин захисан ёсоор Естер үндэс угсаагаа ч, ард түмнээ ч илчилсэнгүй. Учир нь Естер, Мордехаин айлдлагыг түүний асрамжинд байх үеийнх шигээ л даган биелүүлж байв. 21 Тэр өдрүүдэд, Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад босгыг сахиж байсан хааны хоёр тайган Бигтан, Тереш нар хаан Ахашверошт өширхөн, түүний аминд хүрэхийг санаархав. 22 Гэвч Мордехаи үүнийг мэдээд Естер хатанд хэлэхэд Естер үүнийг Мордехаин нэрээр хаанд мэдэгдэв. 23 Уг хэргийг шалгаж, үнэн болохыг олж мэдээд, тэр хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.