Иудейчүүдийг Естер аврав

8  1 Тэр өдөр иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хаан Ахашверош хатан Естерт өгсөн бөгөөд өөрийнх нь хувьд Мордехаи хэн байсныг Естер илчилсэнд Мордехаи хааны өмнө ирэв. 2 Хаманаас авсан тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер, Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов. 3 Тэгээд Естер хаантай үргэлжлүүлэн ярьж, хөлд нь унаж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс уйлан гуйв. 4 Хаан алтан очирт таягаа Естер уруу сунгасанд Естер босон хааны өмнө зогсоод 5 ийн хэлэв.

 —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны нүдний өмнө тааллыг нь олсон бөгөөд энэ хэрэг хаанд зөв санагдан би түүний нүдэнд тааламжит аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманаас хааны бүх аймгууд дахь иудейчүүдийг устгахаар санаачилсан захидлуудыг нь хүчингүй болгох зарлиг бичигдэг. 6 Миний ард түмэн дээр айсуй зовлонг би хэрхэн харж тэвчих билээ? Мөн төрөл садангийнхаа сүйрлийг би хэрхэн харж тэвчих билээ? гэв. 7 Тэгэхэд Естер хатан болон иудей хүн Мордехаид Ахашверош хаан ийн хэлэв.

 —Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн. 8 Одоо та нар хааны нэр дээр иудейчүүдэд хандан хүссэнээ бичиж, хааны тамгат бөгжөөр лацад! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр лацадсан зарлиг нь хүчингүй болдоггүй. 9 Тэгээд тэр цагт буюу Сиван хэмээх гуравдугаар сарын хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудаж, иудейчүүдэд Мордехаин тушаасан бүгдийн дагуу Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийн захирагчид, засаг ноёд болон ноёдод, аймаг бүрийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрийнх нь хэлээр мөн иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэв. 10 Тэрээр хаан Ахашверошийн нэр дээр бичиж, хааны тамгат бөгжөөр лацдан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв. 11 Эдгээртээ хаан, хот бүрд буй иудейчүүдийг цуглан амиа хамгаалах мөн өөрсөд уруу нь довтлох аль ч ард түмэн, аймгийн хүчит хүмүүсийг байтугай, тэдний хүүхэд багачууд, эхнэрүүдийг устгах, алах, хүйс тэмтрэх мөн тэднээс олзыг тонон дээрэмдэх эрхийг 12 Ахашверош хааны бүх аймагт нэг өдөр буюу арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөрт олгов. 13 Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, иудейчүүдийг дайснуудаасаа өшөө авахад бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд тунхаглав. 14 Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны хурдан хүлгүүдийг унаж гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдав.

 15 Мордехаи, хааны хөх цагаан хосолсон дээл, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан нөмрөгтэй, хааны дэргэдээс гарч ирэхэд Суса хот хашхиралдан баясав. 16 Иудейчүүдэд гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв. 17 Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.