Естерийн найр

5 1 Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны өргөөний дотоод ордонд хааны танхимын өмнө зогсоход, өргөөний үүд өөд харсан хааны танхимд хаан сэнтийдээ залран байв. 2 Естер хатныг ордон дотор зогсож байгааг хаан харсан бөгөөд Естер хааны нүдний өмнө тааллыг олжээ. Хаан гартаа барьсан алтан очирт таягаа Естер уруу сунгахад Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв. 3 Тэгээд хаан түүнд

 —Хатан Естер юу болов? Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгөгдөнө гэв. 4 Тэгэхэд Естер

 —Хэрэв хаан үүнийг таалбал, өөрт нь бэлтгэсэн найранд маань хаан Хаман нар энэ өдөр ирэг гэв. 5 Хаан

 —Естерийн хэлсний дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэлүүл гэжээ. Тэгээд хаан болон Хаман, Естерийн бэлдсэн найранд ирэв. 6 Тэд дарс ууж байх үед хаан Естерт

 —Чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан гүйцэлдүүлэх болно гэж хэлэв. 7 Естер хариуд нь

 —Миний гуйлт ба хүсэлт бол, 8 хэрэв би хааны нүдний өмнө тааллыг олсон бөгөөд хэрэв хаан миний гуйсныг өгч, миний хүссэнийг хийхийг таалбал, хаан Хаман нар миний тэдэнд бэлдэх найранд ирэг! Маргааш би хааны айлдсаныг хийнэ гэв.

Мордехаиг дүүжлэхээр

Хаман төлөвлөв

 9 Ингээд Хаман тэр өдөр баяр хөөртэй, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин хааны дааман хаалганы дэргэд Мордехаи өөрийнх нь өмнө босох ч үгүй, сүрдэн чичрэх ч үгүй байгааг хараад Хаман, Мордехаид ихэд хилэгнэв. 10 Гэсэн ч Хаман биеэ барьж, гэртээ ирээд анд нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв. 11 Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив. 12 Хаман мөн

 —Тийм ээ, Естер хатан хүртэл бэлдсэн найрандаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй бөгөөд маргааш ч бас намайг хааны хамт урьж дуудсан. 13 Гэвч иудей Мордехаи хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүрд надад энэ бүхэн онцгүй байна гэв. 14 Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд

 —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.