Хааныг дага, өөрийгөө баясга

8 Хэн ухаантантай адил вэ, хэн юмсын учгийг тайлах вэ? Мэргэн ухаан л хүний нүүрийг гэрэлтүүлж, баргар царайг нь өөрчлөх ажээ.

 “Бурханд өргөсөн ам өчгийн учир хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ. 3 Түүнийг орхин явах гэж бүү яар. Муу хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно. Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ? Хааны зарлигийг сахигч ёр мууг эс мэдэрнэ. Мэргэн зүрх зохист цаг ба арга замыг мэддэг аж. Учир нь алив юманд зохист цаг ба арга зам байх атал хүн өөрөө түүнд нэрвэгдэх ажээ. Юу тохиолдохыг тэр эс мэдэх тул хэрхэн энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ? Салхийг захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Буруу нь буруутаа чөлөөлж эс чадна. Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодолоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.

Бурханы зам ойлгогдошгүй

  10 Тэгэхэд би нэгэн муу хүнийг оршуулж байхыг харав. Ариун газраар орж гарч явсан тэд удалгүй ийн үйлдэж явсан хотдоо мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж. 11 Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж. 12 Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээж, Түүний өмнө эмээгч нь илүү дээр юм гэдгийг би мэдэв. 13 Бурханаас эмээдэггүй учраас буруутад сайн юм ч үгүй, сүүдэр адил өдрүүд нь ч уртсахгүй.

 14 Буруутад тохиолдвол зохих явдал зөвтөд учирч, зөвтийн хүртвэл зохихыг буруут нь завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л хоосон гэж би хэлэв. 15 Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Энэ нь наран доор Бурханаас түүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш зүтгэлд нь түүнийг дагуулах аж.

 16 Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав. 17 Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хүн шамдан эрж хайгаад ч үл ухах аж. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэллээ ч тэр ч нээж үл чадна.