Хичээл зүтгэлийн үнэ цэнэ

11 Талхаа усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ буцааж олно шүү дээ. Өөрт ногдсоныг долоо юмуу найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй шүү дээ. Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Мод өмнө ба хойд зүгт унаваас унасан тэр газартаа үлдэж хоцормой. Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.

 Жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх яснууд хэрхэн амь амьсгаатай болдгийг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи эс мэднэ.

 Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг эсвэл хоёулаа сайн эсэхийг чи мэдэхгүй шүү дээ.

Өсвөр хийгээд өтөл нас

 Нар ширтсэн нүдэнд гэрэл нь гоё агаад тааламжтай.

 Он жилийн уртад амьдрах аваас бүгдэд нь хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ирж буй бүхэн хоосон.

 Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.

 10 Иймээс зүрхний гунигаа гээж, бие махбодын шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг хоосон аж.