Хүсэлд хясал

6 Наран доор миний харсан нэг муухай юм хүмүүн дээр хүндээр буудаг аж. Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг Бурхан өгчихөөд харин тэдгээрийг эзэмших эрхийг үл өгснөөр харь хүн түүнийг нь эдэлж баясах аж. Энэ нь хоосон агаад маш хяслантай зовлон юм. Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ. Ийм төрсөн нэгэн хоосон уруу ирээд, харанхуй уруу одож, нэр алдар нь ч харанхуйд хучигдсан болой. Тэр нарыг хэзээ ч үзээгүй, мэдээ ч үгүй оджээ. Гэвч энэ нь нөгөөхөөс илүү дээр аж. Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан агаад сайныг үл амссан байлаа ч тэд бүгд нэг л газар уруу явдаггүй гэж үү?

 Хүний бүх зүтгэл амандаа л зориулагдах боловч хүсэл ханах нь үгүй ажээ. Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ? Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг буюу.

 10 Оршин буй юу боловч аль хэдийнэ нэрлэгдсэн байх бөлгөө. Хүн гэгч ямар вэ гэдэг нь ч тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж эс чадна. 11 Утгагүй хоосныг өсгөн үржүүлдэг үгс олон байх юм. Энэ нь хүнд ямар тустай юм бэ? 12 Сүүдэр мэт өнгөрөх хоосон амьдралынхаа цөөхөн хоногт өөрт нь юу зөв, сайн болохыг хүн хэрхэн мэдэх билээ? Учир нь өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?