Хүндлэл, даруу зан ба

 хангалуун сэтгэл

 5 Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийрөхөө ойлгодоггүй аж. Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.

Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин.

Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл! Амлаад эс биелүүлснээс амлахгүй байх чинь дээр. Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөр. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан үгэнд чинь уурсаж, гарын ажил хэргийг чинь устгах ёстой юм бэ?

 Мөрөөдөл ихэдвээс хоосон агаад үг олширно. Харин чи Бурханаас эмээгтүн.

Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм. 9 Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан тэр газартаа тэргүүлэх билээ.

 10 Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо эс цадах. Энэ нь бас л хоосон.

 11 Баялаг өсөхийн хэрээр залгигсад олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг нь юм гэж үү?

 12 Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.

 13 Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ гай авчирдаг. 14 Ийм хөрөнгө гай болж сүйрэхэд, хүүгийнх нь гарт юу ч үгүй хоцрох аж. 15 Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй л арилах аж. 16 Хүн яг ирсэн шигээ л буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг. Ингэвэл салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна? 17 Тэрээр бүхий л өдрөө харанхуйд хооллож, үлэмж уй гашуу, өвчин, уур уцаартай байдаг.

 18 Харин миний харсан сайн зүйл гэвэл идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх зүтгэлээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ түүний хувь хишиг аж. 19 Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн зүтгэлд баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн. 20 Бурхан зүрхийг нь баяр баясгалантай байлгадаг тул тийм нэгэн амьдралынхаа хоногуудад үргэлж санаашраад байдаггүй.