4 Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв. Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийнээ насан өөд бологсдыг би илүүд үзэв. Гэвч наран доор хийгддэг ёрын үйлийг хэзээ ч хараагүй, огт байгаагүй нэгэн нь дээрх хоёроосоо ч илүү дээр аж.

Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.

Тэнэг хүн гараа хумхиж,

 өөрийгөө барна.

Чардайн зүтгэж

хоёр атгаа дүүргэн,

 салхи хөөцөлдсөнөөс

Ганц атга дүүрэн, амар жимэр

байсан нь дээр.

Би наран доор дахин нэг хоосныг үзэв. Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж үгүй. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж тэр асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж.

Анд нөхрийн үнэ цэнэ

 9 Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. 10 Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул, хөөрхий. 11 Түүнчлэн хэрэв хоёул хамт хэвтэх аваас тэд дулаацдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? 12 Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.

 13 Зөвлөгөө авахаа больсон цөвт хөгшин хаанаас ядуу хэдий ч ухаантай залуу нь дээр. 14 Хэдийгээр тэрээр уг хаанчлалд ядуу төрсөн ч, хаанчлахаар шоронгоос гарч ч болох. 15 Хоёр дахь залуугийн талд наран доор амьдрагсад бүгд бөөгнөрөн нөгөө хааныг залгамжлуулахыг би харсан. 16 Тэр хязгааргүй олон хүнийг дагуулсан ч хожим ирэгсэд нь мөнөөх залууг бас л таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг билээ.