12 Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун. Нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургахаас өмнө санагтун. Юун гэвээс, тэр өдөр гэр хамгаалагчид нь салгалан, хүчит эрс нь бөгтийж, нунтаглуурууд нь цөөрөөд няцлахаа больж, цонхоор харагсад нь харанхуйд автана. Ийнхүү гудамжны хаалга хаагдан тээрмийн дуу намдаж, шувуудын жиргээнээр сэрэх авч, охидын дуу нам жим болох үед өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, бүйлсийн цэцэг шиг бууралтаад, цатгалан голио шиг хөшилдсөөр янгирцгана шиг хагдарна. Ийнхүү хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно. Мөнгөн утас тасарч, алтан хул хэмхэрч, булгийн хундага бутарч, худгийн хүрд эвдрэхээс өмнө Түүнийг санагтун. Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ. Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв.

Төгсгөл

 Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр цэгнэж, судалснаар олон сургаалт үгсийг эмхлэн гаргав. 10 Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр буулгав.

 11 Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажгуу. 12 Энэ бүхнээс гадна хүү минь “Олон ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их сурах нь бие махбодод халтай” гэдгийг санаж явтугай.

 13 Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.   14 Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.