Харийнхныг гаргав

13 1 Тэр өдөр ард түмнийг чих тавин байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй гэж түүн дотор бичигдсэнийг олов. 2 Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устай угтсангүй, харин ч тэднийг хараалгахаар Балаамыг тэдний эсрэг хөлсөлжээ. Харин Бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм. 3 Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.

Нехемиагийн шинэчлэл

 4 Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир 5 урьд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилчдад өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ. 6 Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксийн гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би явах зөвшөөрөл хаанаас гуйв. 7 Тэгээд би Иерусалимд ирээд, Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгсөн муу үйлийг Елиашиб үйлдсэн тухай сонсов. 8 Тэгээд би маш их уурлаж, би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаялаа. 9 Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.

 10 Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь өгөгдөөгүйгээс болж тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв. 11 Тэгээд би түшмэдийг зэмлэн

 —Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, албанд нь буцаан тавилаа. 12 Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав. 13 Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн ач, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд итгэмжтэй хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь ах дүү нартаа хуваарилах байв. 14 Бурхан минь, үүний төлөө надад сайныг санаач. Бурханыхаа өргөө ба түүний үйлчлэлүүдэд зориулан гүйцэтгэсэн үнэнч үйлсийг минь бүү арилгаарай!

Амралтын өдрийг сахих шинэчлэл

  15 Тэр өдрүүдэд Иудад Амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг Амралтын өдрөөр Иерусалимд авчирч зарж байсныг би үзэв. Тэр үед би тэдэнд хүнс зарж байгааг нь анхааруулав. 16 Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас ба бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл Амралтын өдрөөр зарж байв. 17 Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд

 —Та нар Амралтын өдрийг бузарласан юу гэгчийн ёрын мууг үйлдэнэ вэ? 18 Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар Амралтын өдрийг эс ариусгаснаар Израиль дээрх Түүний уур хилэнг нэмэгдүүлж байгаа бус уу? гэв. 19 Тэгээд Амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын гулдан хаалгуудыг хааж, Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд Амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг гулдан хаалганууд дээр байлгав. 20 Ганц, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв. 21 Тэгэхэд би тэдэнд анхааруулж

 —Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд Амралтын өдөр ирсэнгүй. 22 Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалга сахихаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч!

Харийнхантай урагласныг буруушаав

 23 Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв. 24 Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв. 25 Тиймээс би тэдэнтэй тэрсэлдэн, хараахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг Бурханаар тангараглуулан

 —Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ эсвэл өөрсдөдөө авах ёсгүй. 26 Израилийн хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн. 27 Тэгэхэд та нар Бурхандаа үнэнч бус байж, харь эмэгтэйчүүдтэй гэрлэн энэ бүх үлэмжийн мууг хийсэн гэж бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв. 28 Иехоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав. 29 Бурхан минь, тахилчлал ба тахилчид, левичүүдийн гэрээг тэд бузарласныг нь санаач. 30 Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилчид ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов. 31 Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, надад сайныг санаач!