Нехемиаг Иуда уруу илгээв

2 1 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй 2 учир хаан надад

 —Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниг шаналлаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш их балмагдан 3 хаанд хандаж

 —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв. 4 Тэгэхэд хаан надад

 —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. 5 Би хаанд

 —Хэрэв хаан таашааж мөн таны зарц тааллыг тань олсон бол эцэг өвгөдийг минь тавьсан хотыг дахин босгохын тулд Иуда уруу намайг илгээнэ үү? гэлээ. 6 Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад

 —Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлон хэлэв. 7 Би хаанд

 —Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээхв аймгийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү. 8 Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.

  9 Тэгээд би Евфрат мөрний тэртээх аймгуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагч, морьтонгуудыг илгээсэн юм. 10 Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн хүн ирсэнд тун таагүй байв.

Нехемиа хэрмийг шинжив

  11 Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байлаа. 12 Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимд юу хийх ёстойг Бурхан зүрхэнд минь чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд унаж явсан унаанаас минь өөр амьтан хамт явсангүй. 13 Ийнхүү би шөнөөр Луут худгийн зүг Хөндийн гулдан хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдалын гулдан хаалга хүртэл явав. 14 Дараа нь Булагийн гулдан хаалга ба Хааны цөөрөм уруу очтол мориор явах газаргүй болов. 15 Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн гулдан хаалгаар дахин орж, буцаж харив. 16 Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилчдад ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.

Хэрмийг сэргээх шийдвэр

 17 Тэгэхэд би тэдэнд

 —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв. 18 Бурханы минь мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад айлдсан үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд

 —Босоцгооё, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйл хэрэгт зориулав. 19 Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг сонсоод биднийг шоолон басамжилж

 —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу? гэв. 20 Тэгэхэд би тэдэнд хариулан

 —Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө. Тиймээс Түүний зарц нар бид босоцгоон барих болно. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэг хувь, эрх эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч ногдохгүй гэж хэлэв.