Нехемиа дарангуйллыг эсэргүүцэв

5  1 Хүмүүс болон тэдний эхнэрүүд, иудей ахлагч нарынхаа эсрэг чанга дуугарав. 2 Нэг хэсэг нь “Бид хөвгүүд, охидтойгоо нийлээд олуул билээ. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авах шаардлагатай” гэж байхад, 3 нөгөөдүүл нь “Өлсгөлөнгийн үеэр, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн талбай, байшингуудаа барьцаалж байна” гэж байв. 4 Мөн “Бидний тариан талбай, усан үзмийн талбайд оноогдсон хааны татварыг төлөхийн тулд мөнгө зээлсэн. 5 Бие махбод маань бидний ахлагч нарын бие махбодтой адил, хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй адил бус уу. Гэсэн ч харцгаа, бид болохоор хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийнэ боолчлогдож байна. Бид яаж ч чадахгүй байгаа. Учир нь тариан талбай, усан үзмийн талбай маань бусдынх болжээ” гэж хэлэгсэд ч байв. 6 Тэднийхээ чанга дуу болон эл үгсийг сонсоод миний уур ихэд хүрэв. 7 Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд

 —Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их цугларлыг би зарлав. 8 Би тэдэнд

 —Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүс нараа чадах чинээгээрээ төлөөс гарган чөлөөлсөн атал та нар ах дүүсээ өөрсдийнхөндөө худалдаж байна гэнэ үү? Тэгээд бидний хэн нь хэндээ төлөөс төлөн тэднийг чөлөөлөх болж байна гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй. 9 Би дахин

 —Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу? 10 Харин би миний ах дүү нар болон үйлчлэгч нар минь ч бас тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байна. Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе. 11 Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийг бүү нэх гэж хэлэв. 12 Тэгэхэд тэд

 —Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав. 13 Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч, энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган

 —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.

Нехемиагийн өгөөмөр сэтгэл

 14 Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксийн хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш миний бие болон манай хамаатнууд ч захирагчийн хүнс хангамжаа хүртэл идсэнгүй. 15 Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй. 16 Чухамдаа би энэ хэрмийн ажилд бүх хүчээ зориулан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд бүх зарц нар минь тэнд ажиллахаар цугласан. 17 Түүнээс гадна, эргэн тойронд маань байсан үндэстнүүд дотроос бидэн уруу ирэгсэд болон зуун тавин иудей хүн ба түшмэд миний ширээнд хооллодог байв. 18 Өдөр бүрийн хүнсэнд нэг үхэр, зургаан шилмэл хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг тулам тулмаар өгч байв. Энэ ард түмний дээрх боолчлол хангалттай хүнд байсан учир энэ бүхэнд би захирагчийнхаа хүнсний ногдлыг шаардаж байгаагүй билээ. 19 Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.