Левичүүдийн эзэмшил хот

21 1 Тэгтэл левичүүдийн бүлийн тэргүүнүүд нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгийн бүлийн тэргүүнүүд дээр 2 Канаан нутгийн Шилод ирж, тэдэнд хандан

 —ЭЗЭН бидэнд амьдран суух хотуудыг мал сүргийн бэлчээрийг нь оролцуулан өгөхийг Мосегоор дамжуулан тушаасан билээ гэв. 3 Тийнхүү ЭЗЭНий тушаал ёсоор Израилийн хөвгүүд өөрсдийнхөө өвөөс левичүүдэд эдгээр хотуудыг, бэлчээр нутагтай нь хамт өглөө. 4 Эхний шавга нь кохатчуудын урагт буув. Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар тахилч Аароны үр удам болох левичүүд хүлээн авав. 5 Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургаас арван хотыг шавгаар Кохатын үлдсэн хөвгүүд хүлээн авлаа. 6 Иссахар, Ашер, Нафтали овгуудын ургаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургаас арван гурван хотыг шавгаар Гершоны хөвгүүд хүлээн авав. 7 Реубен, Гад, Зебулун овгуудаас арван хоёр хотыг Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу авав. 8 Ингээд ЭЗЭНээс Мосегоор дамжуулан тушаасан ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд эдгээр хотуудыг бэлчээртэй нь шавгаар өглөө. 9 Тэд Иуда овог болон Симеоны хөвгүүдийн овгоос дараах нэрээрээ дурдагдсан хотуудыг өгсөн бөгөөд 10 Левийн хөвгүүдэд, кохатчуудын ургийнхны Аароны үр удамд эдгээр нь ногдсон юм. Учир нь эхний шавга тэдэн дээр буусан билээ. 11 Ингээд тэд Иудагийн уулан дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн) эргэн тойрных нь бэлчээрийн хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм. 12 Гэхдээ хотод харьяалагдах тариалангийн талбай болон тосгодыг нь тэд Иефуннегийн хүү Калебт өмч болгон өглөө. 13 Тийнхүү тахилч Аароны хөвгүүдэд тэд хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Хеброныг бэлчээртэй нь, Либнаг бэлчээртэй нь, 14 мөн Иаттир хотыг бэлчээртэй нь, Ештемоа хотыг бэлчээртэй нь, 15 Холоныг бэлчээртэй нь Дебирийг бэлчээртэй нь, 16 Аиныг бэлчээртэй нь, Иуттаг бэлчээртэй нь, Бет-шемешийг бэлчээртэй нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв. 17 Бениамин овгоос Гибеон хотыг бэлчээртэй нь, Гебаг бэлчээртэй нь, 18 Анатотыг бэлчээртэй нь, Алмоныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 19 Аароны хөвгүүд болох тахилч нарын бүх хот нь бэлчээрүүдийнхээ хамт нийлээд арван гурван хот байлаа. 20 Дараа нь Ефраим овгоос Кохатын хөвгүүдийн ургийн левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд хотуудыг хуваарилан өгөв. 21 Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехемийг бэлчээртэй нь, Гезерийг бэлчээртэй нь, 22 мөн Кибзаим хотыг бэлчээртэй нь, Бет-хороныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 23 Дан овгоос Елтеке хотыг бэлчээртэй нь, Гиббетоныг бэлчээртэй нь, 24 Аиалоныг бэлчээртэй нь, Гат-риммоныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ. 25 Манассегийн хагас овгоос Таанахыг бэлчээртэй нь, Гат-риммоныг бэлчээртэй нь хамт нийт хоёр хотыг тэдэнд хуваарилан өгөв. 26 Кохатын үлдсэн хөвгүүдэд өгсөн бүх хотууд бэлчээртэйгээ нийтдээ арав байлаа. 27 Мөн Манассегийн хагас овгоос тэд левичүүдийн ургийн нэг болох Гершоны хөвгүүдэд алуурчдын хоргодох хот болох Башан дахь Голаныг бэлчээртэй нь, Бе-ештераг бэлчээртэй нь хамт нийт хоёр хотыг өгөв. 28 Иссахар овгоос тэд Кишионыг бэлчээртэй нь, Дабератыг бэлчээртэй нь 29 мөн Иармутыг бэлчээртэй нь, Ен-ганнимыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өглөө. 30 Ашер овгоос тэд Мишалыг бэлчээртэй нь, Абдоныг бэлчээртэй нь 31 мөн Хелкатыг бэлчээртэй нь, Рехобыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 32 Нафталийн овгоос хүн алсан хэрэгтний хоргодох хот болох Галил дахь Кедешийг бэлчээртэй нь мөн Хаммот-дорыг бэлчээртэй нь, Картаныг бэлчээртэй нь хамт нийт гурван хотыг өгөв. 33 Гершончуудын ургуудад ногдсон бүх хот нь бэлчээртэйгээ бүгд арван гурав байлаа. 34 Зебулун овгоос тэд Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд Иокнеамыг бэлчээртэй нь, Картаг бэлчээрийнх нь хамт 35 мөн Димнаг бэлчээртэй нь, Нахалалыг бэлчээрийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 36 Реубен овгоос тэд Безерийг бэлчээртэй нь Иахазыг бэлчээртэй нь, 37 Кедемотыг бэлчээртэй нь, Мефаатыг бэлчээртэй нь хамт бүгд дөрвөн хотыг өгөв. 38 Гад овгоос тэд, алуурчдын хоргодох хот болох Гилеад дахь Рамотыг бэлчээртэй нь мөн Маханаимыг бэлчээртэй нь, 39 Хешбон хотыг бэлчээртэй нь, Иазерыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 40 Эд бүгд левичүүдийн ургийн үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн урагт шавгаар буусан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа. 41 Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд нийтдээ дөчин найман эдлэн бэлчээртэй хот байв. 42 Эдгээр хот тусбүр эргэн тойрондоо эдлэн бэлчээртэй байжээ. Бүх хот ийм байв. 43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН, Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав. 44 Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудаас нь хэн ч тэдний өмнө сөрөн зогсоогүй юм. ЭЗЭН бүх дайсныг нь тэдний гарт өгөв. 45 Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч талаар эс болж бүгд биелэв.