Гилгалд босгосон арван хоёр чулуу

4 1 Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН, Иошуатай ярин

 — 2 Овог тусбүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч, 3 “Иорданы тэхий дундаас, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөж зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ. 4 Тэгэхэд нь Иошуа овог тусбүрээс нэг хүн буюу Израилийн хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад, 5 тэдэнд

 —ЭЗЭН Бурханыхаа авдрын өмнө Иорданы тэхий дунд нь очин, Израилийн хөвгүүдийн овгийн тоогоор хүн бүр нэг чулуу өргөж, мөрөн дээрээ тээгээд авчир. 6 Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүд тань “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуухад 7 та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.

 8 Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, Иошуад ЭЗЭНий айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгийн тоогоор арван хоёр чулууг Иорданы тэхий дундаас өргөж, хоноглох газартаа аваачаад тэнд тавив. 9 Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнаж явсан тахилч нарын хөл гишгэн зогсож байсан тэр газарт, Иорданы тэхий дунд арван хоёр чулуу аваачиж овоолов. Тэдгээр чулуу нь өнөөг хүртэл тэнд байгаа билээ.

 10 Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Иорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав. 11 Бүх хүн гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар бас гатлан гарч, хүмүүсийн өмнө ирлээ. 12 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон зэвсэглэн, Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав. 13 Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлан гарав.

 14 Тэд Мосегээс эмээн түүнийг амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг Иошуагаас ч мөн эмээн түүнийг хүндэтгэхийн тулд тэр өдөр ЭЗЭН бүх Израилийн нүдний өмнө Иошуаг өргөмжилсөн билээ.

  15 ЭЗЭН, Иошуад

 — 16 Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав. 17 Тэгэхэд нь Иошуа тахилч нарт

 —Иорданаас гарч ир гэж тушаалаа. 18 ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иорданы тэхий дундаас гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.

 19 Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав. 20 Тэдний Иорданаас авсан нөгөө арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолжээ. 21 Тэр Израилийн хөвгүүдэд

 —Хожим үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал, 22 та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж тайлбарлан хэл. 23 Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ. 24 Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.