Мэхлэн амь хэлтэрсэн гибеончууд

9 1 Иорданы чанад дахь уулархаг нутаг болон нам дор газар түүнчлэн Ливаны зүг дэх Их тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын хамаг хаад үүнийг сонсоод, 2 Иошуа ба Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж, үгсэн нийлэв. 3 Иерихо болон Аиг Иошуа хэрхсэнийг Гибеоны оршин суугчид сонсоод 4 заль зохион, элэгдэж хуучирсан уут шуудай болон үжирч нөхсөн дарсны хуучирсан хөхүүр зэргийг илжгэн дээр ачуулж, хуурамч элч нарт 5 хөлд нь хуучирсан шаахай, биед нь хуучирсан хувцас өмсгөв. Хоол хүнс нь ч хатаж үйрсэн талх байлаа. 6 Тэд Гилгал дахь хуаранд Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад —Бид алс холын нутгаас ирлээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв.

 — 7 Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв. 8 Харин тэд Иошуад

 —Бид таны боолууд билээ гэхэд Иошуа

 —Та нар хэн бэ? Хаанаас ирэв? гэв. 9 Тэд түүнд

 —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Египетэд Түүний хийсэн бүхнийг сонсов. 10 Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон мөн Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн. 11 Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захихдаа “Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй” гэсэн юм. 12 Та нарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэр гэрээсээ авахад энэ нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ хатаж үйрчээ. 13 Мөн бидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо үжирч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэж хуучрав гэлээ. 14 Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй. 15 Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй байгуулж, хотол түмний удирдагчид тэдэнд тангараглав. 16 Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурав хоногийн дараа тэд өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг израильчууд сонсов. 17 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, тэдний хот болох Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеаримд гурав дахь өдрөө хүрч ирэв. 18 Хотол түмний удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэднийг цохисонгүй. Хотол түмэн бүхэлдээ удирдагчдын эсрэг дургүйлхэн бувтналдав. 19 Гэвч удирдагчид бүгдээр даяар хотол түмэнд

 —Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон. 20 Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаасаа няцсанаас болж бидэн дээр уур хилэн буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв. 21 Удирдагчид тэдэнд

 —Тэднийг амьд үлдээ гэв. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд даяар хотол түмэнд ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов. 22 Ингээд Иошуа гибеончуудыг дуудан

 —Та нар манай газар нутагт амьдардаг атлаа “Бид та нараас алс хол байдаг” хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ? 23 Иймд та нар хараагдсан бөгөөд цаашдаа үргэлжид миний Бурханы гэрт түлээ бэлтгэж, ус зөөдөг зарц нар байх болно гэв. 24 Тэд Иошуад

 —Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм. 25 Одоо харагтун, бид таны гарт байна. Та зөв зүйтэй, сайн гэж үзсэнээ л бидэнд үйлд гэж хариулав. 26 Иошуа тийнхүү үйлдэхдээ Израилийн хөвгүүдийн гараас тэднийг аварч, израильчууд ч тэднийг алсангүй. 27 Ийнхүү тэр өдөр Иошуа гибеончуудыг түлээ бэлтгэгч ба ус зөөгч болгож хотол түмэнд мөн ЭЗЭНий тахилын ширээ болгон сонгох газруудад энэ өдрийг хүртэл ажиллуулсан билээ.