Шинэ үеийнхэн хозлуулав

5  1 Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов.

   2 Тэр үед ЭЗЭН, Иошуад

  —Өөртөө цахиур хутгануудыг хийж Израилийн хөвгүүдийг дахиад хозол гэлээ. 3 Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийгээд Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийг хозлов. 4 Египетээс гарч явсан бүх дайчид, эрчүүд Египетээс гарсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн учир Иошуа тэднийг ийнхүү хозолсон юм. 5 Учир нь гарч явсан хүмүүс бүгд хозлуулсан байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт төрсөн бүх хүн хозлуулаагүй байлаа. 6 Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ. 7 Харин ЭЗЭН тэдний оронд хозлуулаагүй хөвгүүдийг торниулсан ба тэднийг Иошуа хозолжээ. Учир нь тэд замын туршид хозлуулаагүй байв. 8 Үндэстэн даяараа бүрэн хозлуулсны дараа эдгэртлээ тэд хуаран дахь байрандаа байцгаав. 9 Дараа нь ЭЗЭН, Иошуад

—Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал гэж нэрлэгддэг юм.

Гилгалд Алгасалыг тэмдэглэв

  10 Уг сарын арван дөрөвний өдрийн орой Израилийн хөвгүүд Иерихогийн тал газарт, Гилгалд буудаллаж байхдаа Алгасалыг тэмдэглэв. 11 Алгасалын дараагийн өдөр, чухам тэр өдрөө тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв. 12 Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүдэд дахин манна байсангүй. Харин тэр жилдээ тэд Канаан нутгийн ургацаас хүртэв.

Иошуагийн зөн

  13 Иошуа Иерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал, эсрэг талд нь илдээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн дээр очин, түүнээс

  —Та бидний талд уу, бидний дайсны талд уу? гэж асуусанд 14 тэр

 —Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан, түүнд мөргөөд

 —Миний эзэн зарцдаа юу хэлэхсэн бол? гэхэд 15 ЭЗЭНий дайчдын жанжин, Иошуад

 —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.