Мариа Есүсийг тослов

(Мт 26:6–13; Мк 14:3–9)

12 Алгасал баяраас зургаан өдрийн өмнө, үхлээс амилуулагдсан Лазарын байсан Бетанд Есүс иржээ. Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа. Тэгтэл Мариа маш үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тосолж, үсээрээ арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. Харин шавь нарынх нь нэг, Түүнийг барьж өгөх Искариотын Иудас

Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж ядууст өгсөнгүй вэ? гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг авчихдаг байжээ. Тэгтэл Есүс

—Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. Та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.

Лазарыг алах хуйвалдаан

 Иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр үй олноороо иржээ. 10 Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв. 11 Учир нь Лазараас болж иудейчүүд олноороо Есүст итгэж байлаа.

Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ

(Мт 21:1–11; Мк 11:1–11; Лк 19:28–40)

 12 Маргааш нь Есүсийг Иерусалим уруу ирж явааг баярт ирсэн үй олон сонсоод, 13 далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч

—Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. 14 Есүс илжигний төл олж унасан байв. Энэ нь 15 «Бүү ай, Сион охин! Харагтун, Хаан чинь байдсан илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. 16 Шавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ. 17 Есүс, Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. 18 Тиймээс Есүс эдгээр тэмдгийг үйлдсэнийг ард олон сонссон тул Түүнийг угтав. 19 Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо

—Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас ертөнц даяараа дагалаа гэцгээв.

Есүсийг харах гэсэн хэдэн грек

 20 Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа. 21 Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс

—Эзэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд 22 Филип явж, Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. 23 Есүс тэдэнд

—Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ. 24 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана. 25 Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална. 26 Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.

Үхлийнхээ тухай зөгнөв

 27 Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн. 28 Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс

—Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. 29 Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод

—Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь

—Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. 30 Есүс хариулан

—Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. 31 Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. 32 Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна гэж айлдлаа. 33 Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ. 34 Хурсан олон Түүнд

—Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та “Хүний Хүү өргөгдөх ёстой” гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв. 35 Есүс тэдэнд

—Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй. 36 Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ.

Хүмүүсийн итгэлгүй байдал

 Есүс ийн айлдсаны дараа холдон явж нуугдав. 37 Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. 38 Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. 39 Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас 40 «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн. 41 Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. 42 Хэдий тийм боловч захирагчдын олон нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисайчуудаас болж синагогоос хөөгдөх вий гэсэндээ үүнийгээ өчсөнгүй. 43 Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм.

Есүсийн сургаалын зангилаа

 44 Есүс хашхиран

—Надад итгэгч нь Надад итгэж байгаа бус харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. 45 Намайг харагч нь Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. 46 Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн. 47 Үгийг минь сонсоод сахиагүй ч Би түүнийг шүүхгүй. Би ертөнцийг шүүхийн тулд бус харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. 48 Намайг голж, үгийг минь хүлээж эс авагчийг шүүх шүүгч бий. Хэлсэн үг минь эцсийн өдөрт түүнийг шүүнэ. 49 Учир нь Би Өөрөөсөө яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө өгсөн юм. 50 Түүний тушаал бол мөнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлснээр Би ярьж байна гэж айлдлаа.