Таван мянган эрийг хооллов

(Мт 14:13–21; Мк 6:30–44; Лк 9:10–17)

6 Үүний дараа Есүс Галилын буюу Тиберийн нуурын нөгөө тал уруу явав. Үй олноороо Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтөнүүдэд үйлдсэн тэмдгийг нь харсан ажээ. Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. Алгасал буюу иудейчүүдийн баяр ойртсон байлаа. Өөр дээр нь үй олон ирж буйг Есүс нүдээ өргөж хараад, Филипт

—Тэдний идэх талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа. Филип Түүнд

—Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв. Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей, Есүст

Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд 10 Есүс

—Хүмүүсийг суулга гэв. Тэр газар зүлэг ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим эрчүүд сууцгаалаа. 11 Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. 12 Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа

—Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. 13 Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. 14 Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд

—Ертөнцөд ирэх ёстой өнөөх эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ. 15 Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд, зайлж, ганцаараа дахин уул өөд явлаа.

Усан дээгүүр алхав

(Мт 14:22–33; Мк 6:45–52)

 16 Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж, 17 завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа. 18 Хүчтэй салхинд нуур давалгаалж эхлэв. 19 Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. 20 Харин Есүс тэдэнд

—Би байна. Бүү ай! гэж айлдав. 21 Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байв.

Тэнгэрээс ирсэн талх

 22 Нуурын нөгөө эрэг дээр зогсож байсан хурсан олон дараа өдөр нь энд ганцаас өөр завь байгаагүйг харжээ. Тэд мөн Есүсийг шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг харав. 23 Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс ирлээ. 24 Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд ирэв. 25 Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнд

—Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэв. 26 Есүс тэдэнд

—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. 27 Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ. 28 Тэгтэл тэд Түүнд

—Бид Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ? гэсэнд 29 Есүс тэдэнд

—Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав. 30 Тэд Түүнд

—Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлдэх гэж байна? Та юу гүйцэлдүүлэх гэж байна? 31 “Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд 32 Есүс тэдэнд

—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. 33 Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. 34 Тэгтэл тэд

—Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. 35 Есүс тэдэнд

—Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. 36 Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. 37 Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй. 38 Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм. 39 Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. 40 Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа. 41 Тэнгэрээс бууж ирсэн талх бол Би байгаа юм гэж Есүсийн айлдсанаас болж иудейчүүд Түүний талаар дургүйлхэн гүнгэнэлдэж

42 Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэхэд 43 Есүс тэдэнд

—Хоорондоо бүү гүнгэнэлд. 44 Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. 45 “Тэд бүгд Бурханаар сургагдана” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. 46 Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. 47 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай. 48 Амийн талх бол Би байгаа юм. 49 Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн. 50 Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. 51 Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа. 52 Тэгтэл иудейчүүд өөр хоорондоо

—Мах биеэ бидэнд идүүлэхээр энэ яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдацгаав. 53 Есүс тэдэнд

—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. 54 Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. 55 Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. 56 Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. 57 Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна. 58 Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Өвөг дээдэс чинь идээд, үхсэнтэй адилгүй, энэ талхыг идэгч нь мөнхөд амьдарна гэлээ. 59 Есүс үүнийг Капернаумын синагогт заахдаа айлджээ.

Мөнх амийн үгс

60 Тэд үүнийг сонсоод, дагалдагчдын олонх нь

—Энэ чинь хэцүү үг байна. Хэн үүнийг сонсож чадах вэ? гэцгээв. 61 Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа гүнгэнэлдэхийг мэдээд, тэдэнд

—Энэ та нарыг бүдрүүлчихэв үү? 62 Хэрэв Хүний Хүү өмнө нь байсан газар өөдөө дээш гарахыг харвал та нар яах вэ? 63 Амь өгдөг нь Сүнс, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. 64 Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. 65 Есүс

—Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа. 66 Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй. 67 Тэгээд Есүс арван хоёртоо

—Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд 68 Симон Петр Түүнд

—Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. 69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд 70 Есүс тэдэнд

—Би та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ. 71 Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.