16 Та нарыг бүдрүүлэхгүйн тулд үүнийг Би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно. Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.

Ариун Сүнсний үйлс

 Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв. Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ. Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ. 10 Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очно, Та нар Намайг дахиж эс харна. 11 Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн. 12 Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. 13 Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. 14 Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх учир Намайг алдаршуулна. 15 Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.

Уй гашуугаас баяр хөөр

 16 Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно гэж айлдлаа. 17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биендээ

—“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? гэж ярив. 18 Тэгээд тэд

—“Мөдхөн” гэсэн нь юу юм бол? Юу яриад байгааг нь мэдэх юм алга гэлээ. 19 Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд

—“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно” гэсний талаар та нар өөр хоорондоо хэлцээд байна уу? 20 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно. 21 Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. 22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй. 23 Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө. 24 Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.

Шавь нарын амар амгалан

 25 Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийн тухай та нарт шууд хэлнэ. 26 Тэр өдөр та нар нэрээр минь гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээс гуйна гэж байгаа юм биш. 27 Та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн тул Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. 28 Би Эцэгээс гарч, ертөнцөд ирсэн. Би ертөнцийг дахин орхиж, Эцэг өөдөө явна гэж айлдлаа. 29 Шавь нар нь

—Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. 30 Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. 31 Есүс тэдэнд

—Та нар одоо итгэж байна уу? 32 Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. 33 Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.