Есүсийн амилал

(Мт 28:1–8; Мк 16:1–8; Лк 24:1–12)

20 Долоо хоногийн эхний өдөр, эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булшин дээр очоод, булшнаас хадыг зайлуулсан байхыг харав. Тэгээд тэр, Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь дээр нь гүйн ирж тэдэнд

—Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэв. Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв. Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирж тонгойж хараад, даавуу байхыг үзсэн боловч дотогш орсонгүй. Араас нь Симон Петр ч гүйж ирээд, булш уруу орж, маалинган даавуу болон толгойг нь ороож байсан даавууг харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ. Тэгээд, түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж хараад итгэв. Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Бичвэрийг тэд ойлгоогүй л байлаа. 10 Ингээд шавь нар нь өөрсдийнхөндөө буцав.

Магдал хотын Мариад үзэгдэв

(Мт 28:9–10; Мк 16:9–11)

 11 Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн хартал 12 цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв. 13 Тэд түүнд

—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр

—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв. 14 Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. 15 Есүс түүнд

—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд

—Эзэн, хэрэв та Түүнийг зөөсөн бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв. 16 Есүс

—Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр

—Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ. 17 Есүс

—Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ. 18 Магдалын Мариа ирж, шавь нарт

—Би Эзэнийг харлаа гээд, Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.

Шавь нартаа үзэгдэв

(Мт 28:16–20; Мк 16:14–18; Лк 24:36–49)

 19 Долоо хоногийн эхний өдөр тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд

—Амар амгалан та нарт байх болтугай гэв. 20 Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. 21 [Есүс] дахиж тэдэнд

—Амар амгалан та нарт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. 22 Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн

—Ариун Сүнсийг хүлээн авагтун. 23 Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.

Есүс Томас хоёр

 24 Харин арван хоёрын нэг болох Ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. 25 Бусад шавь нар нь түүнд

—Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр

—Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ. 26 Найман өдрийн дараа шавь нар дахин дотор цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Үүд нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож

—Амар амгалан та нарт байх болтугай гэв. 27 Тэгээд Тэр, Томаст

—Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд 28 Томас Түүнд

—Эзэн минь, Бурхан минь гэв. 29 Есүс түүнд

—Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.

Энэхүү номын зорилго

 30 Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс шавь нарынхаа өмнө үйлдсэн юм. 31 Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар Түүний нэрээр амьтай болох юм.