19 1 Тэгээд Пилат, Есүсийг аваачиж ташуурдуулав. Цэргүүд сундуугаар титэм сүлжээд тэргүүн дээр нь тавьж, нил ягаан нөмрөг нөмөргөв. Тэд Түүн дээр ирж

—Иудейчүүдийн Хаанд мэндчилье гээд хацрыг нь алгадаж байв. Пилат дахин гарч ирээд хүмүүст

—Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв. Есүс сундуун титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд

—Энэ Хүнийг харагтун гэлээ. 6 Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад

—Түүнийг цовдол, цовдол гэж хашхиралдлаа. Пилат тэдэнд

—Өөрсдөө Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв. Иудейчүүд түүнд

—Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Учир нь Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон гэж хариулав. Пилат үүнийг сонсоод улам их айж, дахин ордондоо орж Есүсээс

—Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд хариу эс өгөв. 10 Тиймд Пилат Түүнд

—Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ. 11 Есүс

—Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав. 12 Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд

—Та энэ Хүнийг суллавал Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн бүхэн Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв. 13 Тэр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүх суудалд суув. 14 Алгасал баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд

—Харагтун, танай Хаан! гэв. 15 Тэгтэл тэд

—Тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд

—Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар

—Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв. 16 Ингээд Пилат тэдэнд Түүнийг цовдлуулахаар өгчээ. Тэд Есүсийг аваад явлаа.

Есүсийг цовдолсон нь

(Мт 27:32–56; Мк 15:21–41; Лк 23:26–49)

 17 Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавалын газар хэмээх газар уруу явав. 18 Тэнд тэд Түүнийг өөр хоёр хүний хамт, Есүсийг дунд нь, нөгөөдүүлийг хоёр талд нь цовдолжээ. 19 Пилат мөн пайзан дээр «Назарын Есүс, Иудейчүүдийн Хаан» гэж бичээд, загалмай дээр тавиулав. 20 Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грекээр бичсэн тул олон иудей үүнийг уншжээ. 21 Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад

—“Иудейчүүдийн Хаан” гэж биш, харин Түүний “Би бол Иудейчүүдийн Хаан” гэснийг бич гэв. 22 Пилат

—Бичсэнээ би бичсэн юм гэлээ. 23 Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч, цэрэг бүрд нэг хувиар дөрвөн хэсэг хуваажээ. Дотуур хувцсыг нь ч бас авчээ. Энэ нь ямар ч оёдолгүй дээрээс нь битүү нэхсэн, дотуур хувцас бас байлаа. 24 Тэд хоорондоо

—Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, хувцасны минь төлөө шодсон» [гэсэн] Бичвэр биелэгдэхийн тулд ажээ. 25 Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн эхийнх нь эгч болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. 26 Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ

—Эмэгтэй, хараач, хүү чинь гэв. 27 Дараа нь шавьдаа

—Хараач, эх чинь гэж айлдав. Тэр цагаас шавь нь эхийг нь гэртээ аваачив. 28 Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Бичвэр биелэгдэхийн тулд

—Би цангаж байна гэлээ. 29 Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг балууны мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. 30 Есүс цууг амсаж,

—Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ.

Есүсийг жадалсан нь

 31 Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байсан бөгөөд Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгахгүйн (бас тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан) тул иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ. 32 Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний болон нөгөөгийнх нь хөлийг хугалав. 33 Харин тэд Есүс дээр ирж хэдийнээ үхсэн байхыг нь үзээд, хөлийг нь хугалсангүй. 34 Цэргүүдийн нэг нь Түүний хажууг нь жадлахад цус, ус гоожлоо. 35 Харсан нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ. 36 Бичвэрт “Түүний нэг ч яс хугарахгүй” гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. 37 “Тэд жадалсан Нэгнээ харах болно” гэж мөн өөр Бичвэрт гардаг.

Есүсийг оршуулсан нь

(Мт 27:57–61; Мк 15:42–47; Лк 23:50–56)

 38 Үүний дараа Есүсийн цогцсыг авахыг Ариматын Иосеф, Пилатаас гуйсанд Пилат зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээсэндээ нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, Есүсийн цогцсыг авчээ. 39 Урьд нь шөнөөр Есүс дээр ирж байсан Никодем мирр, зуун настын зуун литра хольц авч ирэв. 40 Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуунд ороов. 41 Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй шинэ хадан булш байлаа. 42 Тэгэхэд иудейчүүдийн бэлтгэлийн өдөр байсан бөгөөд тэр хадан булш ойрхон байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.