Төрөлхийн сохор хүнийг эдгээв

9 Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ. Шавь нар нь Түүнээс

—Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд Есүс

—Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм. Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад

Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ. Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь

—Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөөх биш үү? гэхэд зарим нь

—Тэр мөн байна гэцгээв. Бусад нь

—Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө

—Тэр чинь би байна гэж хэлэв. 10 Тэд түүнээс

—Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд 11 тэр

—Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. 12 Тэд

—Тэр хаана байна? гэсэнд тэр

—Би мэдэхгүй гэлээ.

Эдгэрлийн тухайд байцаав

 13 Урьд нь хараагүй байсан өнөөхийг тэд фарисайчууд дээр авч ирэв. 14 Есүс Амралтын өдрөөр шавар зуурч, нүдийг нь нээсэн байжээ. 15 Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр

—Нүдийг минь Тэр шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд 16 фарисайчуудын зарим нь

—Энэ хүн Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханых биш гэв. Зарим нь

—Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. 17 Тиймээс тэд сохорт дахин

—Тэр чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр

—Тэр бол эш үзүүлэгч гэв. 18 Тэгээд түүнийг сохор байж байгаад хараатай болсонд нь иудейчүүд итгэсэнгүй, хараатай болсон хүний эцэг эхийг дуудахад хүрчээ. 19 Тэд эцэг эхээс нь

—Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. 20 Эцэг эх нь тэдэнд

—Энэ хүү маань мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. 21 Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр нас биед хүрсэн. Тэр өөрөө хэлэг гэв. 22 Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. 23 Тиймээс эцэг эх нь “Тэр нас биед хүрсэн, өөрөөс нь асуу” гэжээ. 24 Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд

—Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд 25 тэр

—Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. 26 Тэд түүнээс

—Тэр чамд юу үйлдсэн юм? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ? гэж асуухад

27 Би та нарт хэдийнээ хэлсэн, та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв. 28 Фарисайчууд түүнийг хараан зүхэж

—Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. 29 Мосед, Бурханы айлдсаныг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд 30 өнөөх хүн

—Тэр нүдийг минь нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. 31 Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. 32 Төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хэн ч сонсоогүй. 33 Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. 34 Тэд

—Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.

Сүнсний сохрол

 35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж

—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд 36 тэр

—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. 37 Есүс

—Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. 38 Тэр

—Эзэн, би итгэж байна гээд Түүнд мөргөв. 39 Есүс түүнд

—Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. 40 Есүстэй хамт байсан зарим фарисайчууд үүнийг сонсоод, Түүнд

—Бид бас сохор байх нь уу? гэхэд 41 Есүс тэдэнд

—Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.