8 Ээ дээ, чи минь

ахтай минь адил

Ижийн минь мөөмийг

хөхсөн ч болоосой!

Ил гадаа таарлаа ч

чамайг би үнсэхсэн

Ингэв гээд хэн ч

намайг эс жигшихсэн

Чамайг би дагуулж

ижийнхээ гэрт ч очуулахсан

Намайг төрүүлсэн нэгний

өргөө гэрт оруулахсан.

Анхилуухан дарсыг бас

анарынхаа шүүсийг

уулгахаар өгөхсөн

Зүүн гараа тэр

толгой дор минь ивээд л

Зөв гар нь намайг

тэврэнхэн илбээд л.

Иерусалимын охид оо,

Таашаал дурыг, бэлэн болтол нь

битгий өдөөж сэрээ.

Гэртээ ирэхүй

 5 Эзгүй хээрээс

хайртаа түшсээр

Ирж яваа тэр хэн бэ?

—Эх чинь чамтай

зовж байсан

Энэ эмэгтэй чамайг

зовж төрүүлсэн

Энэ л алимын модон дор

чамайгаа би сэргээв биш үү.

Тамга болгож

зүрхэндээ намайг тавиач

Гар дээрх тамгаа болгооч.

Юун гэвэл хайр

үхэл шиг хүчтэй

Тачаал бол

Үхэгсдийн орон шиг хэцүү.

Түүний дөл түймрийн дөл

Дүрсхийн асах галын дөл.

Их усан гэвч хайрыг

унтрааж эс дийлэх

Үер усан гэвч үүнийг

живүүлж үл чадах

Хайрын тулд

хамаг гэр хөрөнгөө

хэн нэгэн өргөлөө ч гэсэн

Хайхралыг хэрхэвч эс үзэх.

Өртөж үзэгдэх хөх үгүй

өчүүхэн дүүдэй бидэнд бий

Түүнийхээ талаар

ярилцах өдөр ирэхэд

Дүүгийнхээ төлөө

яавал бид зохилтой.

Хана байсан бол дээгүүр нь

мөнгөн цайз барихсан

Хаалга юмсан бол түүнийгээ

хушин банзаар бүрэхсэн.

10 Амар тайвныг авагч нэгний

Алаг хоёр нүдэнд нь

Хана хэрэм байлаа, би

Харин хөх минь цамхаг боллоо.

11 Соломон Баал-хамонд

усан үзмийн цэцэрлэгтэй ажээ.

Мянга мянган мөнгийг

жимсний нь төлөө өгдөг

Манаач нарт түүнээ даатгажээ.

12 Өөрийн минь бие

үзмийн цэцэрлэг

өөрөө би энэ байна

Өө яахав, Соломон танд

мянга нь байг

Үр жимсний манаач нарт

хоёр зуу нь очиг.

13 Цэцэрлэгт суугч минь,

дуу хоолойг чинь

найз нөхөд маань сонсном

Дуулгаж сонсгоорой

бас надад.

14 Янаг минь чи

яарч үзээрэй

Анхил үнэртний уулс дээрээ

Танхил буга, гөрөөс мэт байгаарай!