6 Бүсгүйчүүлийн дундаас

бүр сайхан минь ээ

Янаг чинь хаашаа одоо вэ?

Ямар замаар ороо вэ?

Явж хамтдаа эрэх үү дээ.

—Үнэн хайр минь

цэцэрлэгрүүгээ

Үнэрт цэцэгсийн

мандалруугаа

Цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж

Цэцэгс сарааныг

түүхээр орсон.

Хайрт минь минийх

Харин би түүнийх

Сараануудын дундуур

сүргээ тэр бэлчээнэм.

Сүйт бүсгүйн хосгүй үзэсгэлэн

 4 —Амраг минь Тирзатай

адилхан чи жавхаатай

Иерусалимын ижил ээнэгшмээр

Тугт цэрэг мэт

тун ч сүрдмээр

Надаас харцаа холдуулаач

Намайг тэр чинь

балмагдуулж байна

Гилеадаас уруудах

ямаан сүргийг

Үс чинь эрхгүй

санагдуулж байна

Хяргуулаад сая

угаалгаас гарсан

хонин сүрэг мэт шүдтэй

Эдний дунд

хурга хаясан нь үгүй

Ихрийг бүгд тээсэн гэлтэй

Хацар шанаа нь

гивлүүр цаанаа

Анар жимсний зүсэм аятай.

Жарын жаран хатан,

наян татвар эм

Үй олон шивэгчин байгаа ч

Тагтаахан минь,

өөгүйхэн минь ганцхан

Төрсөн эхийнхээ

энхэрхэн минь

Төрүүлсэн тэрнийхээ

цэвэрхэн минь

Түүнийг үзээд шивэгчингүүд

жаргалтайгаар нь дуудна

Татвар эмс, хатад түүнийг

тал өгөн магтана.

10 Үүрийн туяа шиг үзэгдэх

Саран адил тунгалаг

наран ижил өнгөлөг

Тугт цэрэг мэт сүрдэм

тун ч сайхан нь хэн юм?

11 Хөндийн ногоо

дэлгэрэхийг харж

Усан үзэм цэцэглэж үү

Анарын мод нахиалж уу

үзэхээр

Самрын цэцэрлэгт

орж явчихав, би.

12 Сэтгэл бодол минь намайг

Сэхээ өгөлгүй хөтөлж

Сэнтийтний тэргэнд суулгавай.

13 Буцаад ир, Шулаамын охин,

буцаад ир

Буцаад ир, бид чамайг харцгаая,

буцаад ир.

 

—Хоёр хуарангийн өмнөх

бүжиг үзэх лугаа

Та нар юунд Шулаамын охиныг

ширтнэм бэ?