5 Миний бие цэцэрлэгтээ ирэв,

хонгор дүүдэй, сүйт бүсгүй

минь

Миррийг би

үнэртэнтэйгээ цуглуулав,

Балаа би

сархинагтай нь идэв

Бас дарсаа сүүтэй нь уув.

Идэцгээ, нөхөд минь, ууцгаа

Ингээд дурлалд мансуурцгаа.

Өөр нэгэн зүүд

 2 Зүүрмэглэв би,

зүрх минь харин

сэрүүн байв.

Сонсооч!

Хайрт минь

хаалга тогшлоо.

—Хонгор дүүдэй,

сүйт бүсгүй минь хаалгаа тайл,

Тагтаахан минь,

өөгүйхэн ганц минь!

Шүүдрийн дусалд

толгой минь

Шөнийн чийгэнд

үс минь норжээ.

—Дан дээлээ тайлчихсан би

дахиж яаж өмсөх юм?

Хөлөө би угаачихсан,

хир яаж болгох юм?

Хатавчны зайгаар

хайрт минь гараа зангалаа

Харин миний сэтгэл дотор

түүнийг хүсээд цангалаа

Амрагтаа нээж өгөхөөр өндийв

Алга гар минь миррээр дуслав.

Миний хуруунууд

түгжээний бариулыг

Миррэн шингэнээр

норгон байв.

Хайртдаа би

онгойлгоод өглөө

Харин янаг минь

эргээд явчихсан байлаа.

Түүнийг ярихад нь

амин гол минь

түүн тийш тэмүүлж асан

Түүнийгээ би хайлаа,

гэвч олсонгүй

Түүнийгээ би дуудлаа,

хариу тэр хэлсэнгүй.

Хот эргэх харуулууд

намайг олов

Тэд намайг зодож

шарх болгов.

Хэрмийн тэр харуулууд

Хэвнэг юуг минь хуу татав.

Иерусалимын охид оо,

Ийнхүү та нарыг гуйя, би.

Хайртыг минь хэрэв олбол

Хайрандаа шаналж байгааг минь

хэлээрэй.

Сүйт бүсгүй ба нөхдийн дуун

 9 —Бусад янагаас хайртын чинь

Бузгай сайхан нь

юу юм бэ?

Бүсгүйчүүлийн дундаас

бүр сайхан минь ээ!

Биднийг ингэж

гуйгаад байхаар

Бусад янагаас

хайртын чинь

Бузгай сайхан нь

юу юм бэ?

 

10 Учралт хайрт минь

улаа бутраад гялбам

Түмэн эрийн дунд

түрүү манлай болом.

11 Тэргүүн нь гэвэл

шижир алтан

Туг үс нь бужгархан

хэрээн адил хархан

12 Хоёр нүд нь гэвээс

сүүнд угаасан хос тагтаа

цөөрөмд тольдон суух лугаа

13 Хацар юуг нь хэлбэл

Үнэрт цэцэгсийн мандал

анхил үнэртний цогцлол

Уруул ам нь гэвэл

урсгаж миррийг нэрэх

сараана лугаа дүйцэх

14 Мутар юуг нь жишиж үзвэл

молор шигтгэмэл

алтан хуйлмал

Бие нь, индранилаар

хөвөөлсөн

зааны ясан сийлбэр

15 Хөл шилбэ нь болохоор

алтан суурьтай

гөлтгөнө тулгуур

Дүр байдал нь Ливан адил

Түүний алдарт

хушийн ижил

16 Хэл яриа нь

хэтэрхий амтлаг

Хамаг бие нь

хайрыг булаам

Энхрий хайрт найз минь ийм дээ

Иерусалимын охид минь дээ.