Хайрын зүүд

3 Амин голоос хайртай түүнээ

шөнөд би орондоо хайнам.

Хайлаа гээд түүнийгээ

харин би эс олном

Хашхирч түүнийг дуудаад ч

Хариуг тэр эс өгнөм.

“Одоо би босож,

орон хотоор явсу,

Гудам, талбайг гулд хэдчин

Голын хайртаа

горилж бэдэрсү”

Хайлаа гээд би түүнийгээ

харин эс олов.

Харуулынхан хот эргэж яваад

харин намайг олов.

“Халуун голын хайртыг минь

хараагүй биз”.

Амжиж тэднээс салангуут

Амин хайртаа би олов.

Ээж минь намайг

хэвлийдээ олж тээсэн

Энэ өрөөнд ортлоо

эс тавьж явуулав.

—Иерусалимын охид оо,

Талын гөрөөс,

марал бугаар андгайлъя.

Таашаал дурыг, бэлэн болтол нь

битгий өдөөж сэрээ.

Сүйт залуугийнхан айсуй

 6 Утаан багана гэлтэй

утлага мирр тэргүүтэй

Арилжааны үнэрт энгэсгийг

анхилууланхан

Эзгүй цөлөөс ирж яваа

энэ ер нь юу вэ?

Энэ бол Соломоны

нүүдлийн тэрэг, харагтун

Израилийн хүчирхэг эрсээс

жаран хүчирхэг эр түүний

Эргэн тойронд нь явна.

Тулаанд мэргэшсэн тэд

бүгдээр илд агсжээ.

Ташаандаа бүгд илдтэй,

шөнийн аймшгаас хамгаалжээ.

Соломон хаан өөртөө

Ливаны модоор

жууз хийжээ.

10 Гар дамнуургыг нь мөнгөөр

Ар түшлэгийг нь алтаар

Дор суудлыг нь

нил ягаан бөсөөр хийжээ

Доторлохдоо Иерусалимын охид

хичээжээ.

11 Сионы охид оо, гарцгаа.

Сэтгэл зүрхнийх нь

баярын өдөр, хуримаар нь

Соёрхож ээжийнх нь

залсан титэмтэй

Соломон хааныг харцгаа.