Хуц ба ухнын үзэгдэл

8 Белшазар хааны засаглалын гуравдугаар онд, анхны үзэгдлээс хойш Даниел надад дахин нэгэн үзэгдэл үзэгдэв. Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байлаа. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв. Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөхөөсөө илүү урт бөлгөө. Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүгт мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв. Би үүнийг ажиглаж байтал нэгэн ухна баруун зүгээс, бүх дэлхийг тойрон хөл нь газар хүрэлгүй ирлээ. Ухнын нүдний хооронд нэг онцгой эвэр байв. Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүнийг дайрав. Тэрээр өнөөх хуцанд ойртож түүнд хорссон байхыг би харав. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсанд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэнд хуцыг ухнын хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа. Тэгээд ухна асар том болов. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав. Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг, Үзэсгэлэнт орныг чиглэн онцгой том болов. 10 Тэнгэрийн түг түмд хүртэл тэрээр ургаж, түг түмдийн заримыг бас зарим оддыг газарт унагаж уландаа гишгэв. 11 Тэгээд бүр түг түмдийн Жанжины эсрэг тэрээр ихэмсэг аяглаж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв. 12 Гэмт үйлдлээс болж түг түмд өдөр бүрийн шатаалт тахилын хамтаар эвэрт өргөгдөх болно. Тэрээр үнэнийг газар хаяж, үйлдсэн бүхэндээ амжилт олсоор байв. 13 Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэг нь

—Өдөр бүрийн шатаалт тахил, хоосролыг бий болгосон гэмт үйлдэл мөн Ариун газар ба түг түмд гишгэгдэх талаарх энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв. 14 Тэрээр надад

—Хоёр мянга гурван зуун өглөө, үдшийн туршид. Дараа нь ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв.

Габриел үзэгдлийг тайлбарлав

 15 Даниел би энэ үзэгдлийг үзээд, утгыг нь ойлгохоор хайв. Харагтун, хүн шиг дүрстэй нэгэн миний өмнө зогсож байв. 16 Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж,

—Габриел аа. Үзэгдлийг энэ хүнд ойлгуул гэхийг би сонсов. 17 Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад

—Хүний хүү! Энэ үзэгдэл төгсгөлийн цагийнх гэдгийг ойлгогтун гэв. 18 Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээрээ унан гүн нойронд автсан байлаа. Тэр харин надад гараа хүргэж, намайг цэх босгов. 19 Тэрээр

—Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарна. 20 Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде ба Персийн хаад байна. 21 Үс ихтэй ухна нь Грекийн хаан бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол анхны хаан бөлгөө. 22 Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.

23 Эдгээрийн ноёрхлын төгсгөлд буюу

Хилэнцтэнүүд эцэстээ тулах үед

Нэгэн шазруун,

 далд явуулгыг ухварлагч

 хаан гарч ирнэ.

24 Тэр өөрийн бус хүчээр

 агуу хүчтэй болно.

Тэр асар их хэмжээгээр эвдэж,

Амжилт олон дураараа дургих

 болно.

Тэрээр хүчтэнүүдийг болон

Ариун ард түмнийг сөнөөнө.

25 Түүний гарт, хэрсүү ухаанаар нь

мэхлэлт хөгжин цэцэглэж

Тэрээр зүрхэндээ ихэрхэнэ.

Амар жимэр байхад тэрээр

 олон хүнийг сүйтгэж,

Жононгуудын Жононг хүртэл

 эсэргүүцэн босох авч

Хүний гарын оролцоогүйгээр

 сөнөх болно.

26 Дээр өгүүлсэн өглөө, үдшийн

 тухай

үзэгдэл үнэн билээ.

Харин энэ үзэгдлийг нууцлан

 хадгал.

Учир нь тэр болтол олон хоног буй.

27 Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашив. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд учрыг нь тайлбарлах хэн ч байгаагүй.