Небухаднезарын удаах зүүд

4 1 Небухаднезар хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд

—Та нарт амар амгалан бялхах болтугай! Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь сайн гэж би бодлоо.

3 Тэмдгүүд нь ямар агуу вэ!

Гайхамшгууд нь ямар хүчирхэг вэ!

Хаанчлал нь үүрдийн хаанчлал,

Ноёрхол нь үеэс үед оршино.

 4 Небухаднезар би өөрийн гэрт амгалан сууж, орд харшдаа жаргалтай байлаа. 5 Намайг хиртхийлгэсэн нэгэн зүүд би зүүдлэв. Тэрхүү орон дахь төсөөлөл, толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. 6 Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны хамаг мэргэдийг миний өмнө авчрах зарлиг би гаргав. 7 Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлгөчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй. 8 Эцэст нь Даниел өмнө минь ирэв. Тэр миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн, ариун бурхдын сүнстэй нэгэн юм. Түүнд би зүүдээ хэлэхдээ 9 “Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа мөн ямар ч нууц чамайг мухардуулдаггүйг би мэдэх хойно, миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь надад хэлж өгөгтүн.

10 Би орондоо байхад

 толгой дахь үзэгдлүүд минь

 ийм байлаа.

Намайг харж байтал, харагтун,

Дэлхийн голд нэгэн мод байв

Асар өндөр агаад агуу ажээ.

11 Тэр мод сүглийн ургаж,

 хатууран бүдүүрээд,

Өндөр нь тэнгэрт хүрч,

Дэлхийн хязгаараас ч харагдахаар

 томров.

12 Навчис нь сайхан, үр жимс нь

 элбэг

Дээр нь байгч бүхний хүртээл

 болж

Доор нь хээрийн араатнууд

 сүүдэр олж,

Мөчирт нь огторгуйн шувууд

 үүрлээд,

Махбодтой бүхэн түүнээс

 хооллов.

13 Би орондоо байхдаа толгой дахь үзэгдэлээ харахад тэнгэрээс нэгэн ариун сахиулсан бууж ирэв.

14 Тэрээр чангаар хашхирч

«Модыг цавчиж, мөчрүүдийг нь

 хярга.

Навчсыг нь сэгсрэн унагаж,

Үр жимсийг нь тараан хая.

Араатнуудыг доороос нь хөөж,

Шувуудыг мөчрөөс нь үргээ.

15 Гэвч хожуулыг нь

 үндэстэй нь хамт

 газарт үлдээ.

Харин түүнийг төмөр ба хүрлэн

 татлагаар баглаж,

Хээрийн өвсөн

 дунд байлга.

Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж,

Араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.

16 Зүрх нь хүнийхээс өөрчлөгдөн

Араатны зүрх түүнд өгөгдөж,

Тийнхүү долоон цаг үе түүн

 дээгүүр өнгөрөг.

17 Энэ нь сахиулснуудын зарлиг

 бөгөөд

Энэ нь ариун нэгний гаргасан

 шийдвэр.

Хамгийн Дээд Нэгэн нь

Хүн төрөлхтний хаанчлалыг

 захирч,

Хүссэн хүндээ түүнийг өгч,

Хамгийн дорд нэгнийг ч түүн

 дээр залдгийг

Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд

 юм»

гэв. 18 Небухаднезар хаан миний үзсэн зүүд энэ юм. Миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад мэдүүлж чадаагүй болохоор одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Ариун бурхдын сүнс чамд байгаа учир харин чи чадна хэмээв.”

Даниел зүүдийг тайлбарлав

 19 Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой. 20 Хаан таны үзсэн тэр мод буюу сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулж, бүх дэлхийн хязгаарт ч харагдахаар болсон агаад 21 навчис нь сайхан, үр жимс нь элбэг, бүгдэд хүрэлцэхээр идээ болдог бас хээр талын араатнууд доор нь амьдарч, огторгуйн шувууд мөчир дээр нь сууцгаасан тэр мод бол 22 аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн. 23 Хааны харсан ариун сахиулсан тэнгэрээс бууж ирээд «Модыг цавчиж устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээр талын араатнуудтай хамт долоон цаг үе өнгөртөл байг» гэж хэлсэн. 24 Аяа хаантан, тайлал ийм байна. Эзэн хаанд минь ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ. 25 Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө. 26 Модны хожуулыг үндэснүүдтэй нь үлдээ гэсэн тушаал өгөгдсөнөөр, Тэнгэр захирдаг гэдгийг ухаарсны дараа хаанчлал тань үлдэж тогтох юм. 27 Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.

Небухаднезарын

гутамшигт өдрүүд

 28 Энэ бүхэн Небухаднезар хаанд биелэв. 29 Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр алхаж байлаа. 30 Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ. 31 Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэгэн дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан. 32 Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно” гэв. 33 Тэр даруй Небухаднезарын талаарх энэ үг биелэлээ олжээ. Тэрээр хүмүүсээс хөөгдөж, үхэр мэт өвс идэж эхлэн, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт ургах хүртэл бие нь тэнгэрийн шүүдэрт норжээ.

Бурханыг Небухаднезар магтав

 34 Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв.

Түүний эрх мэдэл мөнхийн эрх

 мэдэл,

Түүний хаанчлал үеэс үед оршино.

35 Газар дэлхийн бүх оршин суугч

Юу ч биш гэж тооцогддог.

Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч,

Газар дэлхийн суугчдад ч

хүслээрээ үйлддэг.

Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй,

“Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.

36 Тэр үед саруул ухаан маань надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө нэр алдар, сүр жавхлан надад эргэн ирэв. Зөвлөгчид, ихэс дээдэс маань намайг эрэлхийлжээ. Ийнхүү би хаанчлалдаа дахин сууж, агуу байдал надад улам нэмэгдэв. 37 Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.