Даниелийн эсрэг хуйвалдаан

6 Хаанчлал даяар зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв. Мөн Даниелийг оролцуулаад тэдний дээр гурван сайдыг томилжээ. Хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа. Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнстэй тул сайд, аймгийн захирагчдаас тодорч, улмаар хаан түүгээр бүхэл хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй. Тэгээд тэр хүмүүс

—Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүний эсрэг ямар ч шалтаг бид олохгүй нь гэж хэлэлцэв. Тэгээд энэ сайд нар ба аймгийн захирагчид хуйвалдан хаанд очиж, түүнд хэлэхдээ

—Дариус хаантан, мөнх насалтугай! Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм. Өө хаантан! Одоо захирамж гаргаж, Меде ба Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зуртугай гэв. Тиймээс Дариус хаан албан бичиг ба захирамж дээр гарын үсгээ зурав.

Даниел арслангийн нүхэнд

 10 Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв. 11 Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө залбирч, гуйж байхыг олж харав. 12 Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа

—Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан

—Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв. 13 Тэгэхэд тэд хаанд хариулан,

—Хаантан, Иудагаас олзлогдсон хөвгүүдийн нэг Даниел, танд болон гарын үсгээ зурсан захирамжид тань анхаарал эс хандуулан өдөрт гурван удаа залбирсаар л байна гэв. 14 Тэгтэл хаан энэ айлтгалыг сонсонгуутаа гүн уй гунигт автаж, Даниелыг аврахаар санаа шулууджээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал зүтгэв. 15 Дараа нь тэр хүмүүс хуйвалдан хаан дээр ирээд, хаанд

—Өө хаантан, Меде ба Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон захирамж буюу тогтоол өөрчилж болдоггүйг мэдсүгэй! гэв. 16 Тэгээд хаан тушааж, тэд Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан, Даниелд

—Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг аврах болтугай гэв. 17 Чулуу авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон ихэс дээдсийнхээ тамган бөгжөөр түүнийг лацдав. 18 Хаан ордон уруугаа явж, мацаг барин шөнийг өнгөрүүлж, ямар ч зугаацуулах зүйлийг авчруулсангүй, нойр нь ч хулжжээ.

Даниел арслангаас хамгаалагдав

 19 Ингээд хаан үүрээр, гэгээ орж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. 20 Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан

—Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. 21 Тэгтэл Даниел, хаанд

—Аяа хаантан, мөнх насалтугай! 22 Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв. 23 Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө. 24 Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ. 25 Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай. 26 Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна.

Учир нь Тэрбээр амьд Бурхан,

 үүрд мөнх хувиршгүй.

Түүний хаанчлал устгагдашгүй,

Эрх мэдэл нь төгсгөлгүй.

27 Тэрээр тэнгэр, газарт аварч,

 чөлөөлж,

Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг.

Тэрээр бас Даниелыг

 арслангийн савраас аварсан»

хэмээв. 28 Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчлах үед Даниел амжилт олсоор байв.