Үхэгсдийн амилал

12 Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна. 3 Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно. 4 Харин Даниел чи, төгсгөлийн цаг хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн эргэцүүлэн мэдлэг нэмэгдэнэ гэж хэлэв. Тэгэхэд Даниел би харахад, үзэгтүн, хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв. Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан

—Эдгээр гайхамшгийн эцэс болтол хэр удах вэ? гэв. Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан

—Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо. Харин би сонссон боловч ойлгосонгүй. Тиймээс би

—Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув. Тэрээр

—Даниел аа, явагтун. Учир нь энэ үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан. 10 Олон хүн цэвэрлэгдэн, ариусгагдаж, тунгаагдана. Харин буруутууд буруугаа үйлдсээр тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно. 11 Өдөр бүрийн тахилыг болиулж, хоосролын бузар юмыг тавих цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно. 12 Хүлээн хүлээсээр нэг мянга гурван зуун гучин таван өдөрт хүрсэн нь ерөөлтэй еэ! 13 Харин чи эцэс хүртэл яв. Тэгвэл чи амарч, хоногуудын эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.