11 Меде хүн Дариусын анхдугаар онд би түүний туслагч бөгөөд хамгаалагчаар зогсов.

 Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дөрөв дэх нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай байна. Тэрээр баялгаараа хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө. Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, хүссэн зүйлээ үйлдэх болно. Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй мөн улс гүрэн нь үндсээрээ таслагдаж, бусдад очно. Дараа нь өмнө зүгийн хаан жононгуудынхаа нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Эрх мэдэл нь үнэхээр агуу их болно. Хэдэн жилийн дараа тэд түншилж, өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд умард зүгийн хаанд очно. Харин гүнж ч хүчээ хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж, бараа бологчид нь, төрүүлсэн нэгэн нь, бэхжүүлж байсан нэгэн нь бүгд хороогдоно. Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна. Тэгээд бурхдыг нь цутгамал шүтээнтэй нь, үнэт алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид умард зүгийн хааныг дайрахгүй. Дараа нь умард зүгийн хаан өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч нутагтаа буцна. 10 Хөвгүүд нь дайныг өдөөж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээр нь үерлэн ирээд хальж, буцаад нөгөөхийн бат цайзыг хүртэл довтолно. 11 Өмнө зүгийн хаан хорсож, умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь өмнө зүгийн хааны гарт автана. 12 Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч хүчирхэг болохгүй. 13 Учир нь умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно. 14 Тэр үед олон хүн өмнө зүгийн хааны эсрэг босно. Чиний ард түмний дундаас хэрцгий хүмүүс үзэгдлийг биелүүлэх гэж өөрсдийгөө өргөмжлөх боловч тэд унах болно. 15 Тэгээд умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно. 16 Харин эсрэг ирэх хэн ч болов зоргоороо авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт оронд хэсэг зуур байх болно. 17 Тэрээр бүхэл хаанчлалынхаа хүчээр ирэх шийдвэр гаргаж, эв найрамдлын гэрээг хэрэгжүүлнэ. Хаанчлалыг устгахын тулд тэрээр түүнд нэгэн эмэгтэйг гэрлэлтээр өгөх авч энэ нь амжилт ч өгөхгүй, давуу тал нь ч болохгүй. 18 Дараа нь тэрээр нүүрээ арлууд уруу хандуулж, олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин түүний даажигналыг эцэслэж, даажигналыг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ. 19 Ингээд тэрээр улсынхаа цайзууд уруу нүүрээ эргүүлэх боловч, бүдэрч унан, дахин олдохгүй болно. 20 Дараа нь оронд нь гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын сүр жавхлан дундуур татвар нэхэгчийг илгээнэ. Гэсэн ч тэрээр хэдэн өдрийн дараа хилэнгээр ч бус, дайнаар ч бус алагдана. 21 Оронд нь хаанчлах хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна. 22 Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан арилна. Гэрээний жонон ч мөн адил. 23 Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр хүч олно. 24 Тэрээр санамсаргүйгээр ноёрхлын хамгийн нүнжигтэй газар нэвтрэн орж, эцгүүд болон эцэг өвгөдийнхөө хийгээгүйг үйлдэнэ. Тэрээр дээрэмдэн булааж, олзолж авсан зүйлс, эд баялгийг тэдэнд тарааж өгнө. Тэр цайзуудыг эзлэхийг төлөвлөвч энэ нь хэсэг зуур л явагдана. 25 Тэрээр их цэргийг дагуулан сүр хүч болон сэтгэл зоригоо өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж эс дийлнэ. 26 Шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөж, цэрэг нь бутран олноороо алагдан унана. 27 Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой. 28 Тэгээд тэрээр нутагтаа их олз баялагтай буцах болно. Харин зүрх нь ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдэлээ хийгээд, нутагтаа буцна. 29 Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирээд өмнө зүг явах боловч энэ удаагийнх нь өмнөхтэй нь адилгүй байна. 30 Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг ирнэ. Тиймээс тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн үйлдэлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд, ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ. 31 Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина. 32 Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал уруу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ. 33 Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олонд зааварлах боловч тэд нэг хэсэгтээ сэлэмний ир, галд унаж, олзлогдон тонуулна. 34 Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Гэвч олноороо зусардан тэдэнтэй нэгдэнэ. 35 Тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд хэрсүү ухаантай зарим нь унана. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.

 36 Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно. 37 Тэрээр эцэг өвгөдийнхөө бурхдыг ч, эмэгтэйчүүдийн хүсэмжилдэг юмсыг ч мөн бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө. 38 Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр хүндэтгэнэ. 39 Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрбээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олныг захируулж, шагнал болгон тэдэнд газар хувааж өгнө.

Эцсийн цаг

 40 Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө. 41 Тэрээр бас Үзэсгэлэнт оронд нэвтрэн орж, олныг устгана. Харин Едом, Моаб, Аммоны хөвгүүдийн шилдэг хөвгүүд гараас нь аврагдана. 42 Тэрээр бусад улсуудын эсрэг гараа сунгах бөгөөд Египет ч гараас нь эс мултарна. 43 Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө, Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд, етиопчууд хөлийнх нь дор мөлхөцгөөх болно. 44 Гэвч дорно хийгээд умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг хямрааж, тэрээр олныг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно. 45 Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй, төгсгөл нь ирнэ.