Алгасалыг тэмдэглэв

(2Ха 23:21–23)

35 1 Дараа нь Иосиа, ЭЗЭНд Алгасалыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Алгасалын хургануудыг төхөөрөв. 2 Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд оруулан ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд тэднийг урамшуулав. 3 Тэрээр мөн хамаг Израилийг зааварладаг, Эзэнд ариун левичүүдэд

 —Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун! Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо Бурхан ЭЗЭНдээ болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн! 4 Израилийн хаан Давидын бичиг болон түүний хүү Соломоны бичгийн дагуу өөрсдийн бүлгүүд дэх эцгийнхээ гэрийн дагуу бэлэн байгтун! 5 Үүнээс гадна, өөрсдийн ах дүүс болох эгэл ардуудын эцгийн гэрийн бүлүүдийн дагуу мөн левичүүдийн эцгийн гэрийн хэсэг бүрээр ариун газарт зогсогтун! 6 Алгасалын хургануудыг нядалж, өөрсдийгөө ариусгаж, Мосегоор дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу үйлдэхэд ах дүүсээ бэлтгэгтүн! гэв. 7 Иосиа тэнд байсан бүгдэд буюу ард түмний хөвгүүдийн Алгасалын тахилд зориулан гучин мянган хурга ба ишиг хандивласан бөгөөд түүн дээр гурван мянган бух нэмжээ. Эдгээр нь хааны өмч байв. 8 Түүний түшмэд ардууд, тахилч нар болон левичүүдэд сайн дураараа хандивлав. Бурханы өргөөний түшмэд болох Хилкиа, Зехариа, Иехиел нар Алгасалын өргөлд зориулан хоёр мянга зургаан зуун хурга мөн гурван зуун үхэр тахилч нарт өгчээ. 9 Левичүүдийн захирагчид болох Конаниа, түүний ах дүүс Шемаиа, Нетанел нар, Хашабиа, Иеиел, Иозабад нар Алгасалын өргөлд зориулан таван мянган хурга мөн таван зуун бухыг левичүүдэд хандивлав. 10 Ингээд үйлчлэлийн бэлтгэл хангагдсанд хааны тушаалын дагуу тахилч нар байр байрандаа мөн левичүүд хэсэг хэсэгтээ зогсоцгоолоо. 11 Тэд Алгасалын хургануудыг нядлав. Тэгээд левичүүд арьсыг нь өвчих хооронд тахилч нар тэдний гараас цусыг авч цацав. 12 Тэгээд тэд шатаалт тахилыг тусгайлан тавьж, эгэл ардуудын эцгийн гэрийн бүлэг тусбүрд өгөөд, Мосегийн номд бичигдсэний дагуу тэдгээрийг ЭЗЭНд өргөв. Бухнуудыг мөн адил өгөв. 13 Ингээд тэд Алгасалын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун өргөлийг сав, тогоо, түмпэнд чанаад, бүх ард түмний хөвгүүдэд түргэхэн шиг аваачжээ. 14 Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тиймээс левичүүд өөрсдөдөө болон Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм. 15 Асафын хөвгүүд болох дуучид ч Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу байрлалаа эзэлсэн байв. Мөн хаалга хаалган дээрх хаалгач нар үйлчлэлээсээ холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа. 16 Алгасалыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө цэгцэрсэн байв. 17 Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Алгасалыг мөн Исгээгүй талхны баярыг долоон өдөр тэмдэглэжээ. 18 Эш үзүүлэгч Самуелын үеэс хойш Алгасалыг энэ мэтээр тэмдэглэж байсан удаагүй билээ. Мөн Израилийн хаадын нэг нь ч Иосиагийн үйлдсэн шиг тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт тийм Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. 19 Иосиагийн хаанчлалын арван найм дахь жилд энэ Алгасалыг тэмдэглэсэн юм.

Некогийн ялалт ба Иосиагийн үхэл

(2Ха 23:28–30)

 20 Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Кархемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа. 21 Гэвч Неко түүнд элч нарыг илгээн

 —Иудагийн хаантан, танаар би юу хийх билээ? Өнөөдөр би таны эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодож надтай хамт байгаа Бурханыг эсэргүүцэхээ болигтун гэв. 22 Гэсэн хэдий ч Иосиа түүнээс эргэж хургалгүй, түүнтэй дайтахаар өөрийгөө далдлан зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амнаас гарсан Некогийн үгийг үл сонсон Мегиддогийн талд тулалдахаар гарч ирэв. 23 Харваачид Иосиа хааныг харван оносонд хаан зарц нартаа

 —Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв. 24 Тиймээс түүний зарц нар түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт байсан хоёр дахь тэргэнд тавин Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн араас гашууджээ. 25 Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм. 26 Иосиагийн бусад үйл хэрэг болон ЭЗЭНий хуулийн дагуух түүний сайн үйлс, 27 түүний урьд хождын үйл хэрэг, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм.