Ахазын хаанчлал

(2Ха 16:1–4)

28 1 Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй. 2 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй тэрээр Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв. 3 Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ. 4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил тахив.

Иудаг Арам Израиль нар цохив

(2Ха 16:5)

 5 Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм. 6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм. 7 Ефраимын хүчит эр Зихри, хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.

Одедын оролцоо

 8 Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүү болох тэднээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлийг дээрэмдэн, олзоо Самарид авчрав.

 9 Харин тэнд Одед гэгч, ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтан очиж, тэдэнд

 —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан догшин хилэнгээр хядлаа. 10 Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг зарц, шивэгчин болгож захирах санаатай байна. Та нар өөрсдөө харин ЭЗЭН Бурханыхаа өмнө үнэхээр ялгүй юм уу? 11 Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа! Учир нь ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын дээр байна гэв. 12 Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн ургийн тэргүүн нараас Иехохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн өмнө гарч зогсон 13 тэдэнд

 —Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, ял дээр нэмж бидэн дээр ЭЗЭНий өмнө ял

 зэм буулгах санаатай байна. Бидний ял хэдийнэ үлэмж их бөгөөд дүрэлзсэн уур хилэн Израилийн дээр байна гэцгээв. 14 Ингээд зэвсэглэсэн эрчүүд олзлогдогсод ба олзоо захирагчид болон бүх чуулганы өмнө орхив. 15 Тэгээд дээр нэр дурдагдсан хүмүүс босож, олзлогдогсдыг авч, нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслажээ. Мөн тэдэнд хувцас, шаахай өгч, хооллож ундлаад, тосоор тослов. Тэгээд тамирдсаныг нь илжгэн дээр суулган хөтөлж, дал модны хот Иериход тэдний ах дүүс уруу авчрав. Дараа нь тэд Самари уруу буцацгаажээ.

Иудад туслахаас Ассири татгалзав

(2Ха 16:7–9)

16 Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв. 17 Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ. 18 Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бет-шемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ. 19 ЭЗЭН, Израилийн хаан Ахазаас болж Иудаг дорд болгов. Учир нь тэрээр Иудад хамжааргагүй байдлыг зөвшөөрч, ЭЗЭНий эсрэг харш юм хийсэн юм. 20 Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг дэмжихийн оронд дарамтлав. 21 Хэдийгээр Ахаз, ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын өргөөнөөс хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй.

Ахазын урвалт ба үхэл

 22 Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ. 23 Учир нь тэр өөрийг нь цохисон Дамаскийн бурхдад тахил өргөн

 —Арамын хаадын бурхад тэдэнд тусалдаг. Тэдэнд би тахил өргөх аваас тэд надад туслах болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ. 24 Үүнээс гадна, Бурханы өргөөний сав суулгыг Ахаз хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээ босгов. 25 Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага өргөхөөр мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНийг уурлуулсан юм.

 26 Түүний урьд хождын бусад үйлс замнал нь Иуда болон Израилийн Хаадын номд бичигдсэн билээ. 27 Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод нутаглуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд тавиагүй юм. Түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.