Асагийн хаанчлал

14 1 Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар тайван байв.

 2 Аса, Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд сайн, зөв зүйтэйг үйлдэв. 3 Тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж, 4 эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлж, хууль ба тушаалуудыг биелүүлэхийг иудачуудад тушаав. 5 Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагат тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний үед хаанчлал амар тайван байв.

 6 ЭЗЭН түүнийг амраасан бөгөөд газар нутаг амар тайван байж, тэр он жилүүдийн туршид ямар ч дайн болоогүй тул тэрээр Иудад бэхлэлт бүхий хотуудыг босгов. 7 Тэрээр Иудад

 —Эдгээр хотыг босгож, тэднийг хана хэрэм, цамхаг, хаалга, хөндлөөр тойруулцгаая. Бид Бурхан ЭЗЭНээ эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээр бөгөөд Түүнийг хайсан учраас Тэрээр эргэн тойронд маань бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, дээшлэн дэвжив. 8 Иудагаас гаралтай, том бамбай, жад үүрсэн гурван зуун мянган цэрэг мөн Бениаминаас гаралтай, бамбай, нум сум эзэмшсэн хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан бөгөөд эд бүгд эрэлхэг хүчтэнүүд байлаа.

Етиопчуудын халдлага няцаагдав

 9 Етиоп хүн Зера тэдний эсрэг мянга мянган цэрэг, гурван зуун тэрэгт цэрэгтэй гарч Марешад хүрч ирэв. 10 Аса түүний өөдөөс хөдөлж, тэд Мареша дахь Зефатагийн хөндийд тулалдахаар байрлалаа эзлэв. 11 Аса, Бурхан ЭЗЭНээ хашхиран дуудаж, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Харин бид Танд түшиглэн, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн учраас Бурхан ЭЗЭН минь ээ, бидэнд туслаач! Аяа, ЭЗЭН, Та бидний Бурхан! Нэг ч хүн Таны эсрэг зогсож чадахгүй” гэжээ. 12 ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав. 13 Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө бут цохигдсон тул маш олон етиоп үхэж, дахин сэхэл эс үзэв. Харин иудачууд асар их олз авч явлаа. 14 ЭЗЭНээс эмээхүй тэр нутгийнхныг нөмөрсөн учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотыг устгажээ. Тэр хотуудад асар их олз байсан тул тэд бүх юмыг нь тонов. 15 Тэд мөн малчдын майхнуудыг эвдэн сүйтгэж, үй олон хонь, тэмээг авч явжээ. Тэгээд тэд Иерусалимд буцаж ирэв.