Амазиагийн хаанчлал

(2Ха 14:2–6)

25 1 Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддан гэдэг байв. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй. 3 Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 4 Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэдний хөвгүүдийг тэрээр алсангүй.

Едомчуудыг хядсан нь

(2Ха 14:7)

5 Үүнээс гадна Амазиа, иудачуудыг цуглуулан тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс байгааг нь олж мэдэв. 6 Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав. 7 Гэвч Бурханы хүн түүн дээр ирж —Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм. 8 Гэсэн ч хэрвээ та явбал яв, тулаанд тууштай бай. Харин Бурхан таныг дайсны өмнө унагаах болно. Учир нь туслах ба унагах эрх Бурханд бий гэв. 9 Амазиа, Бурханы хүнд

 —Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа

 —Чамд өгөх юм ЭЗЭНд үүнээс хамаагүй их бий гэв. 10 Тэгээд Амазиа тэднийг буюу Ефраимаас түүн дээр ирсэн цэргүүдийг нутагт нь буцааж явуулжээ. Үүнээс болж Иудагийн эсрэг тэдний уур дүрэлзэж, тэд уурандаа шатсаар нутагтаа харьцгаав. 11 Амазиа зоригжин, ард түмнээ удирдав. Тэрээр Давст Хөндий  уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав. 12 Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы оройд аваачаад, тэндээс тэднийг бяцартал нь доош чулуудав. 13 Гэвч дайнд явахыг нь болиулаад Амазиагийн буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйл олзлов.

 14 Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мөргөж, тэдэнд утлага өргөв. 15 Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн

 —Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ. 16 Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд

 —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байна вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод

 —Чи үүнийг үйлдэж, зөвлөгөөг минь сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэлээ.

 Иудаг Израиль ялав

(2Ха 14:8–20)

 17 Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөлдөж, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилийн хаан Иоашт элч илгээн

 —Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв. 18 Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн

 —Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 19 Чи “Харагтун, би Едомыг ялсан юм” гэв. Чиний зүрх ихэрхэл дотроо бардам болжээ. Одоо гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? гэв. 20 Гэвч Амазиа сонссонгүй. Учир нь тэд Едомын бурхдыг эрэлхийлсэн тул Тэрээр тэднийг Иоашийн гарт оруулахын тулд Бурхан ийн үйлдсэн юм. 21 Ингээд Израилийн хаан Иоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 22 Иуда, Израильд ялагдан, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу зугтаажээ. 23 Тэгээд Израилийн хаан Иоаш, Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газар нураав. 24 Бурханы өргөөнд Обед-едомын халамжинд болон хааны өргөөний эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг тэр дээрэмдэж мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.

Амазиагийн үхэл

 25 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа нь Иехоахазын хүү Израилийн хаан Иоашийг өөд болсноос хойш арван таван жил амьдрав. 26 Амазиагийн урьд хождын бусад үйлс нь Иуда, Израилийн Хаадын номд бичигдсэн бус уу? 27 ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ. 28 Тэгээд тэд шарилыг нь морин нуруун дээр тэгнэн авчирч, Иерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ.