Арамтай холбогдсон буруутал

(1Ха 15:17–22)

16 1 Асагийн хаанчлалын гучин зургадугаар онд Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн нутагт хэнийг ч оруулахгүй бас гаргахгүй байхын тулд Рамаг барьж босгов. 2 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангаас Аса алт, мөнгө авч Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн

 — 3 Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач гэж уламжлуулав. 4 Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээсэнд тэд Ион, Дан, Абел-маим болон Нафталийн хотуудын бүх нөөц хангамжийн газрыг эзлэн авлаа. 5 Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, ажилаа зогсоов. 6 Харин Аса хаан бүх иуда хүнийг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан, Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр Геба, Мизпаг босгов. 7 Тэр үед үзмэрч Ханани, Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд

 —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд түшиглэлгүй, Арамын хаанд түшиглэсэн учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ. 8 Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу их цэрэг байгаагүй гэж үү? Харин чи ЭЗЭНд түшиглэсэн учраас Тэрээр тэднийг гарт чинь оруулсан юм. 9 Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв. 10 Энэ явдлаас болж Аса үзмэрчид хилэгнэн түүнд уурласандаа түүнийг шоронд хийв. Мөн тэр үед Аса ард олны заримд нь хүч хэрэглэв.

  Асагийн өвчлөл ба үхэл

(1Ха 15:23–24)

11 Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ. 12 Хаант засгийнхаа гучин есдүгээр онд Аса хөл өвчтэй болжээ. Түүний өвчин хүндэрсэн боловч өвчиндөө ч тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав. 13 Аса хаанчлалынхаа дөчин нэгдүгээр онд эцэг өвгөдийнхөө хамт нойрсов. 14 Тэд түүнийг Давидын хотод өөртөө зориулан ухуулсан булшинд нь тавьжээ. Түүнийг сүрчиг хийгчдийн найруулсан төрөл бүрийн үнэртнүүдээр дүүргэсэн хэвтэр дээр тэд хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.