Хуулийн багш нар ба

 фарисайчуудыг буруушаав

(Мк 12:38–40; Лк 11:39–44,46–52; 20:45–47)

23 Тэгээд Есүс ард олон болон шавь нартаа айлдсан нь

Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна. 3 Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг. Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. Тэд найр наадмын хойморт, синагогуудад тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. Харин та нар “Багш аа” гэж бүү дуудуул. Та нарын багш ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй. 10 Та нар зааварлагчид гэж бүү дуудуул. Зааварлагч чинь ганц бөгөөд Тэр нь Христ юм. 11 Харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог. 12 Өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.

 13 Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй. 14 [Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар удаан залбирах дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.] 15 Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар ганц хүний ч болов араас тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгосноороо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог юм.

 16 Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Сүмээр тангараглагч нь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” гэдэг. 17 Мунхаг, сохрууд аа, аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? 18 “Тахилын ширээгээр тангараглагч нь огт хамаагүй. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч бүр үүрэгтэй” гэдэг. 19 Сохрууд аа, аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу? 20 Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. 21 Сүмээр тангараглагч нь сүмээр болон тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. 22 Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй.

23 Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. 24 Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа!

25 Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор нь дээрэм тонуул, хувийн сонирхол дүүрэн аж. 26 Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.

 27 Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар цагаанаар будсан булшнууд шиг гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. 28 Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт мэт харагдавч, дотроо хоёр нүүр болон ёс бус явдлаар дүүрэн аж.

29 Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвтийн хөшөөг чимдэг. 30 Тэгээд “Бид эцэг өвгөдийнхөө үед байсансан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад, тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. 31 Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэгсдийн хөвгүүд гэдгээ гэрчилж байна. 32 Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэдэг. 33 Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ? 34 Тиймээс, үзэгтүн. Би та нарт эш үзүүлэгчид ба мэргэд, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь синагогууддаа ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно. 35 Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ. 36 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юм энэ үеийнхэн дээр ирнэ.

Есүс Иерусалимын төлөө гашуудав

(Лк 13:34–35)

 37 Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 38 Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. 39 Учир нь Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ та нар Намайг харахгүй.