Ерөөлтэй еэ

(Лк 6:20–23)

 5 1 Есүс түмэн олныг хараад, уул өөд гаран суухад шавь нар нь Түүн дээр ирлээ. Тэр ам нээн тэдэнд сургамжилж хэлэхдээ: 3 Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. 4 Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. 5 Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно. Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно. Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно. 9 Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно. 10 Зөвт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. 11 Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ! 12 Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.

Давс ба гэрэл

(Мк 9:50; Лк 14:34–35)

 13 Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. 14 Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. 15 Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. 16 Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.

Хуулийн биелэл

17 Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. 18 Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. 19 Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно. 20 Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.

Хилэгнэл

(Лк 12:57–59)

 21 “Чи хүн бүү ал, хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж хууччуулд айлдсаныг та нар сонссон. 22 Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. 23 Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, 24 өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. 25 Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэлд хүргэж, чи шоронд хаягдах вий. 26 Үнэнээр Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй.

Завхайрал

 27 “Чи бүү завхайр” гэснийг та нар дуулсан. 28 Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм. 29 Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр. 30 Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.

Гэр бүл салах нь

(Мт 19:9; Мк 10:11–12; Лк 16:18)

 31 “Хэн боловч эхнэрээсээ салбал цуцлалтын бичгээ түүнд өг” гэж хэлсэн байдаг. 32 Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.

Тангараг

 33 “Хуурамчаар бүү тангарагла, харин Эзэнд амласнаа биелүүл” гэж хууччуулд хэлснийг та нар мөн сонссон. 34 Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, энэ нь Бурханы сэнтий юм. 35 Газраар ч болохгүй, энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ агуу их Хааны хот юм. 36 Толгойгоороо ч чи бүү тангарагла, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна. 37 Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг юм.

Хариу өгөх тухай

(Лк 6:29–30)

 38 «Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан. 39 Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл. 40 Хэн нэгэн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. 41 Хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. 42 Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.

Дайснаа хайрлахуй

(Лк 6:27–28,32–36)

 43 “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. 44 Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. 45 Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм. 46 Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу? 47 Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг бус уу? 48 Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.