Сургаалт зүйрлэл: Арван охин

25 1 Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. 2 Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа. 3 Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. 4 Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ. 5 Сүйт залууг саатсанд тэд бүгд үүрэглэсээр унтав. Гэтэл шөнө дөлөөр “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа” гэх хашхираан хаджээ. Нөгөө охид бүгд босож, дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалгуудад “Бидэнд тосноосоо өгөөч. Дэнлүү маань бөхөх нь” гэсэнд ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж, өөрсдөө худалдаж ав” гэжээ. 10 Тэднийг худалдаа хийхээр явсан хойгуур сүйт залуу ирээд, бэлэн байгсад түүний хамт хуримын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ. 11 Дараа нь бусад охид ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд 12 харин тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. 13 Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай.

Сургаалт зүйрлэл: Талант

(Лк 19:11–27)

 14 Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. 15 Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. 16 Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. 17 Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ. 18 Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. 19 Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. 20 Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. 21 Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 22 Хоёр талант авсан нь ирээд “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд 23 эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 24 Мөн нэг талант авсан нь ирж “Эзэн, би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. 25 Би айсан тул явж, таны талантыг газар нуучихсан. Хар, таных энэ байна” гэв. 26 Эзэн нь түүнд “Олиггүй муу боол, залхуу чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ? 27 Тэгвэл чи мөнгийг минь мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан. 28 Түүнээс нэг талантыг авч арван таланттайд нь өгсүгэй. 29 Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана. 30 Энэ тусгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэж хэлэв.

Үндэстнүүдийг шүүх нь

 31 Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно. 32 Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, 33 хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. 34 Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. 35 Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, 36 нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” гэхэд 37 зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? 38 Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? 39 Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?” гэх болно. 40 Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. 41 Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. 42 Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, 43 харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ. 44 Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь хүн, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг тань хараад, Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. 45 Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ. 46 Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.