Баптисч Иоханы тунхаглал

(Мк 1:1–8; Лк 3:1–18; Иох 1:19–28)

3 Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа

2 Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа. 3 Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа

«Цөлд хашхирагч нэгний

дуу нь

“Эзэний замыг бэлтгэцгээ,

Жимийг нь шулуун болгогтун”

гэнэ»

гэсэн байдаг.

4 Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв. Тэгэхэд Иерусалим ба хамаг Иудей мөн Иордан хавийн бүх нутгийнхан түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. 7 Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд

—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав? Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг гарга. “Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна. 10 Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно. 11 Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. 12 Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.

Есүс баптисм хүртэв

(Мк 1:9–11; Лк 3:21–22)

 13 Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив. 14 Харин Иохан

—Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролдтол 15 Есүс хариуд нь

—Одоо ёсоор нь болго. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. 16 Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа. 17 Тэнгэрээс

—Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.