Назарт Есүсийг голсон нь

(Мт 13:53–58; Лк 4:16–30)

6 Есүс тэндээс явж, нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдаж байлаа. Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж

—Хаанаас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ? Энэ чинь Мариагийн хүү, мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт байгаа биз дээ? гэж Түүнд бүдрэн унтууцав. Есүс тэдэнд

—Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэнд Тэр хэдэн өвчтөн дээр мутраа тавьж эдгээснээс өөр хүчит гайхамшгийг үйлдэж эс чадав. Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа.

Есүс арван хоёроо илгээв

(Мт 10:5–15; Лк 9:1–6)

 Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал заав. Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. Есүс тэдэнд тушаан

—Аян замдаа таягнаас өөр юу ч, талх ч, хүүдий ч, хэтэвчиндээ зоос ч бүү ав. Харин шаахайгаа өмс,

—Цамц давхарлаж бүү өмс гээд 10 Есүс тэдэнд

—Та нар ямар айлд орно, тэр газраас явтлаа тэндээ бай. 11 Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. 12 Тэд явж, гэмших ёстойг тунхаглав. 13 Тэд олон чөтгөрийг зайлуулж, олон өвчтөнг тосоор тослон эдгээжээ.

Баптисч Иоханы үхэл

(Мт 14:1–12; Лк 9:7–9)

14 Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс

—Баптисч Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. 15 Харин зарим нь

—Тэр бол Елиа зарим нь

—Тэр бол эш үзүүлэгчдийн нэгэн адил эш үзүүлэгч гэж байлаа. 16 Харин Херод үүнийг дуулаад

—Миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжээ гэв. 17 Херод өөрийн дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул үүнээс болж хүн илгээн Иоханыг бариулан шоронд хориулжээ. 18 Учир нь Иохан, Херодод

—Та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. 19 Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. 20 Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа. 21 Тохиромжтой өдөр ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар бас Галилын тэргүүн нарт зориулж зоог барьжээ. 22 Херодиагийн охин ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад тэр ихэд таашаагджээ. Хаан охинд

—Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. 23 Тэрээр охинд ам гарч,

—Чи надаас юу хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв. 24 Охин гарч, эхээсээ

—Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь

—Баптисч Иоханы толгойг гэжээ. 25 Охин тэр даруй хааны өмнө яаран очиж,

—Яг одоо баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. 26 Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй. 27 Хаан даруй цаазчин явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод, шоронд Иоханы толгойг авчээ. 28 Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин эхдээ өгөв. 29 Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч, хадан булшинд тавьжээ.

Есүс таван мянган эрийг хооллов

(Мт 14:13–21; Лк 9:10–17; Иох 6:1–14)

30 Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа. 31 Тэр тэдэнд

—Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж очоод, тэдэнд юм идэх ч зав байсангүй.) 32 Тэд тусдаа байхаар зэлүүд газар уруу завиар явав. 33 Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүрээс тийш явган гүйсээр тэднээс урьтаж ирэв. 34 Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. 35 Цаг хэдийнээ орой болоход шавь нар нь Түүн дээр ирж

—Энэ газар зэлүүд мөн цаг аль хэдийнээ оройтжээ. 36 Хүмүүсийг тараан явуулаач. Тэд ойр орчмын тосгон, сууринд очиж, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ. 37 Гэтэл Есүс хариуд нь

—Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд

—Бид явж, хоёр зуун денараар талх худалдан авч, тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд 38 Есүс тэдэнд

—Та нарт хэдэн талх байна? Яв, үз гэж айлдлаа. Тэд олж мэдээд

—Тав бас хоёр загас байна гэв. 39 Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг Тэр тушаав. 40 Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. 41 Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. 42 Тэд бүгд идэж, цадсан байлаа. 43 Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. 44 Тэнд талх идсэн эрчүүд таван мянга байсан юм.

Усан дээгүүр алхсан нь

(Мт 14:22–33; Иох 6:15–21)

 45 Тэр даруй Тэр хурсан олныг тараангаа шавь нараа завинд суулгаж, нөгөө тал, Бетсайд уруу урьтаж явуулав. 46 Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ.

 47 Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. 48 Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Есүс хараад, шөнийн дөрөв дэх манааны үеэр нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөхөөр явж байтал 49 нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. 50 Учир нь бүгд Түүнийг хараад түгшицгээжээ. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан

—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. 51 Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогслоо. Тэд маш ихээр гайхацгаав. 52 Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч зүрх нь хатуу байв.

Геннесаретэд өвчтөнүүдийг эдгээв

(Мт 14:34–36)

 53 Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрээд зангуугаа эрэгт хаяв. 54 Тэднийг завинаас буусан даруй хүмүүс Есүсийг таниад 55 тэр хавиар нэг гүйлдэж, Түүнийг байгаа гэж сонссон газарт өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв. 56 Түүнийг тосгонд ч, хотод ч, хөдөөд ч, хаа ч очсон тэд өвчтэй хүмүүсийг гудамж зээл дээр авчирч байв. Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэрч байлаа.