Сургаалт зүйрлэл: Өөдгүй түрээслэгчид

(Мт 21:33–46; Лк 20:9–19)

12 Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв.

—Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ. Тэр дахин өөр зарцыг тариаланчдад явуултал чулуугаар толгойг нь хага цохиж, доромжилжээ. Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд үлдсэн ганц нь хайртай хүү нь байв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд түүнийгээ явуулав. Харин тариаланчид бие биендээ “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно” гэцгээж, түүнийг барьж авч алаад, усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн юу хийх вэ? Тэр ирж тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. 10 Та нар

“Барилгачдын голсон чулуу

Булангийн чулуу болжээ.

11 Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд

Бидний нүдэнд гайхалтай”

гэж Бичвэрээс уншаагүй юү? гэлээ. 12 Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.

Татвар төлөх тухай асуулт

(Мт 22:15–22; Лк 20:20–26)

13 Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав. 14 Тэд ирээд, Түүнд

—Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад 15 Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд

—Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв. 16 Тэд нэг денар авчирсанд Есүс

—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд

—Цезарийнх гэлээ. 17 Есүс тэдэнд

—Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав.

Амиллын тухай асуулт

(Мт 22:23–33; Лк 20:27–40)

18 Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж Түүнээс асуусан нь

19 Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. 20 Ах дүү долуул байсан. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхсэн. 21 Хоёр дахь нь тэр эмэгтэйг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. 22 Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. 23 Амилалд тэр хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд

24 Есүс тэдэнд

—Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс төөрөлдөж байгаа хэрэг энэ бус уу? 25 Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, нөхөрт гарах ч үгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. 26 Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэж бутан дотроос Мосед Бурхан айлдсаныг та нар уншаагүй юу? 27 Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж хэлэв.

Хамгийн эхний тушаал

(Мт 22:34–40; Лк 10:25–28)

 28 Хуулийн багш нарын нэг ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс

—Ямар тушаал бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа. 29 Есүс

—Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. 30 Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн нь юм. 31 “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ. 32 Хуулийн багш Түүнд

—Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр байхгүй гэж Та үнэнээр айлдлаа. 33 Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал юм гэв. 34 Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд

—Чи Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэн ч дахиж Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.

Давидын хүүгийн тухай асуулт

(Мт 22:41–46; Лк 20:41–44)

 35 Есүс сүмд зааж байхдаа

—Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? 36 Давид өөрөө Ариун Сүнсээр

“ЭЗЭН миний Эзэнд

«Би Чиний дайснуудыг

хөл дор чинь тавих хүртэл

Баруун талд минь залрагтун» гэв”

гэж хэлсэн. 37 Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв.

Хуулийн багш нарыг буруушаав

(Мт 23:1–36; Лк 20:45–47)

38 Тэр сургаал айлдан

—Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. 39 Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд 40 бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар илүү хүнд шийтгэл хүлээнэ гэв.

Бэлэвсэн эмэгтэйн өргөл

(Лк 21:1–4)

 41 Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа. 42 Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ. 43 Есүс шавь нараа дуудаад

—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. 44 Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.