Есүсийн амилал

(Мт 28:1–8; Лк 24:1–12; Иох 20:1–10)

16 Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ. Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв. Тэд өөр хоорондоо

—Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? гэж ярилцаж байв. Дээш харахдаа тэр бул чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд

—Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. Харин явж, Түүний шавь нарт болон Петрт “Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул айлдсаных нь дагуу тэнд та нар Түүнийг харах болно” гэж хэл гэв. Тэднийг айдас жихүүдэс эзэмдсэн тул булшнаас гаран гүйв. Тэд айснаасаа болоод хэнд ч юу ч хэлсэнгүй.

Есүс Магдал хотын Мариад үзэгдэв

(Мт 28:9–10; Иох 20:11–18)

 [Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, (долоон чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан) Магдалын Мариад эхлээд үзэгджээ. 10 Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байгсдыг гашуудан уйлж байхад тэдэнд мэдэгдэв. 11 Тэд Есүсийн амьд мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэсэнгүй.

Есүс өөр хоёр шавьдаа үзэгдэв

(Лк 24:13–35)

 12 Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд илчлэв. 13 Тэд явж, үүнийг бусдадаа мэдэгджээ. Гэвч тэд өнөө хоёрт бас итгэсэнгүй.

Есүсийн захирамж

(Мт 28:16–20; Лк 24:36–49; Иох 20:19–23; Үйл 1:6–8)

 14 Дараа нь, арван нэгэн шавь нар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амилсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй, хатуу зүрхтэйг зэмлэв.

15 Есүс тэдэнд

—Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. 16 Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. 17 Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь: Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярих болно. 18 Тэд могойг барина. Бас үхүүлэх ямар ч юм тэд уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавивал эдгэнэ гэж айлдлаа.

Есүс өргөгдсөн нь

(Лк 24:50–53; Үйл 1:9–11)

 19 Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав. 20 Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж, дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен.]