Давид дайтав

(1Шс 18:1–17)

8  1 Дараа нь Давид филистчүүдийг цохиж номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авлаа. 2 Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов. 3 Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг [Евфрат] мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр ирэхэд нь цохив. 4 Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авчээ. Давид зуун тэрэгний морьдыг үлдээгээд, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ. 5 Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган арам хүнийг цохив. 6 Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 7 Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалимд авчирлаа. 8 Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний хүрэл олзлон авчрав. 9 Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод 10 Хададезерын эсрэг тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Иорамыг илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг авчрав. 11 Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх үндэстнээс авсан мөнгө алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ. 12 Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв. 13 Давид нэрээ дуурсгав. Тэрээр буцахдаа арван найман мянган арамчуудыг Давст Хөндийд хядав. 14 Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.

Давидын түшмэд

 15 Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, ард түмнээ Давид зөв шударгаар засаглав. 16 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч, 17 Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч, 18 Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд болон пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.