Давидын дайснууд

16 1 Давид оргилоос цааш жаахан доошлов. Харагтун, Мефибошетын зарц Зиба, хааныг угтахдаа эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв. 2 Хаан, Зибагаас

 —Чи юунд эдгээрийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба

 —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцэж ядарсан хүмүүст уух ундаа болох юм гэв. 3 Хаан

 —Эзний чинь хөвгүүн хаа байна? гэхэд Зиба, хаанд

 —Харагтун, “Өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлалыг надад эргүүлж өгнө” гэсээр тэр Иерусалимд үлдсэн гэлээ. 4 Тэгэхэд хаан, Зибад

 —Үзэгтүн, Мефибошетын хамаг юм чинийх гэхэд Зиба

 —Эзэн хаантан минь, таны нүднээ би тааллыг олох болтугай хэмээн мөргөн сөгдөе гэжээ.

Шимеи Давидыг хараав

  5 Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, харагтун, Саулын гэрийн нэг ургийн хүн буюу Герагийн хөвгүүн Шимеи гэдэг нэртэй хүн хараал урсгасаар гарч ирэв. 6 Тэрээр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ард түмэн хийгээд хамаг хүчит эрс хааны баруун, зүүн гар талд байжээ. 7 Шимеи

 —Зайл, цус урсгадаг, үл бүтэх хүн чи тонил! гэв. 8 ЭЗЭН, Саулын гэрийн урссан бүх цусыг түүний оронд хаан болсон чам дээр буцаан буулгаж, чиний хөвгүүн Абсаломын гарт хаанчлалыг чинь ЭЗЭН шилжүүлэв. Харагтун, чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар мууд ороогдлоо гэж хараав. 9 Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд

 —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэсэнд 10 хаан

 —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? гэж айлдав. 11 Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа

 —Харагтун, төрсөн хүү минь миний амийг эрж байхад энэ бениамин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд айлдсан тул тэр харааж л байг. 12 ЭЗЭН миний зовлонгд харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ. 13 Тэгээд Давид болон түүний хүмүүс замдаа гарсанд Шимеи, Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуу шидлэн шороо цацаж байв. 14 Хаан мөн түүнтэй хамт явсан хамаг ард олон эцэж ядарсан тул тэнд түр амрав.

Ахитофелын зөвлөгөө

 15 Тэгтэл Абсалом болон бүх ард түмэн, израильчууд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт иржээ. 16 Давидын анд нөхөр архе хүн Хушаи, Абсалом дээр ирж

 —Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв. 17 Абсалом, Хушаид

 —Нөхөртөө энэрэл үзүүлж байгаа чинь энэ үү? Юуны учир чи анд нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув. 18 Хушаи, Абсаломд

 —Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн бүх израиль хэнийг сонгосон байна, би түүнийх болж мөн түүнтэй хамт байх болно. 19 Тэгээд ч би хэнд үйлчлэх юм бэ? Хүүгийнх нь өмнө үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчилсэн шиг мөн таны өмнө байх болно гэв. 20 Абсалом, Ахитофелд

 —Бид яах ёстой вэ гэдгийг та зөвлөөч гэв. 21 Ахитофел, Абсаломд

 —Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн татвар эмс дээр орогтун. Таныг эцэгтээ зэвүүрхэж буйг бүх Израиль сонсоно. Тэгээд тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв. 22 Ингээд Абсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдэн дээр Абсалом эцгийнхээ татвар эмс дээр оров. 23 Тэр өдрүүдэд Ахитофелын зөвлөгөө нь Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Давидад ч, Абсаломд ч Ахитофелын өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа.