Гибеончууд өшөө авав

21 1 Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН

 —Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв. 2 Тэгээд хаан гибеончуудыг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнд андгайлсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв.) 3 Тэгээд Давид гибеон хүмүүст

 —Би та нарын төлөө юу хийх ёстой вэ? Би ямар эвлэрүүлэл хийвэл та нар ЭЗЭНий өвийг ерөөж болох вэ? гэхэд 4 гибеончууд түүнд

 —Саул ба түүний гэрээс алт мөнгө авах хэрэг бидэнд байхгүй. Мөн Израильд ч хэн нэгнийг алах бодол бидэнд алга гэхэд Давид

 —Би та нарын юу хүссэнийг хийж өгөх болно гэв. 5 Тэгэхэд тэд хаанд

 —Биднийг Израилийн газар нутгаас үлдээлгүй устгахаар төлөвлөж байсан хүнийх нь хувьд, 6 хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид Гибеад ЭЗЭНий өмнө, ЭЗЭНий уулан дээр тэднийг дүүжлэн алах болно гэхэд хаан —Тэднийг та нарт өгөх болно гэв. 7 Гэвч хаан Саулын хүү болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ. 8 Тэгээд хаан Аиагийн охин Ризпагийн Саулд төрүүлж өгсөн хоёр хөвгүүн буюу Армони, Мефибошет мөн Саулын охин Мерабын Мехолат хүн Барзиллаин хөвгүүн Адриелд төрүүлж өгсөн таван хөвгүүдийг авч 9 гибеончуудын гарт өгөв. Тийнхүү тэднийг ЭЗЭНий өмнө, уулан дээр дүүжилж алжээ. Ингэж долоон хүн хамтдаа үхэв. Тэд ургацын өдрүүдэд, арвай хураалтын эхээр алагджээ. 10 Аиагийн охин Ризпа таар авч хадан дээр дэвсэн суугаад, ургац хураахаас авахуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл, өдөр нь тэнгэрийн шувууг, шөнө нь хээрийн араатныг үргээн тэдний цогцост ойртуулсангүй. 11 Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд 12 тэрээр яваад, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд дүүжилж орхисныг нь хулгайлан авсан Иабеш-гилеадын удирдагчдаас Саулын ясыг бас Ионатаны ясыг ч авав. 13 Давид, Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн нөгөөх дүүжлүүлэгсдийн ясыг ч тэд цуглууллаа. 14 Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд тавив. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.

 Давидын дайчдын гавьяа

(1Шс 20:4–8)

  15 Филистчүүд дахин Израильтай дайтав. Давид зарц нартайгаа хамт явж, филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа. 16 Гурван зуун шекел хүнд хүрэл жадтай, шинэхэн илд зүүсэн, аварга биетний удмынхны Ишби-Беноб гэгч, Давидыг алъя хэмээжээ. 17 Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи, Давидад туслан филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан

 —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж хэлэв. 18 Үүний дараа Гобд, филистчүүдтэй дахин тулаан болж, хуша хүн Сиббекаи аварга биетний удмын Сафыг алав. 19 Дахин филистчүүдтэй Гобд тулалдахад, Бетлехемийн хүн Иаре-Орегимынй хүү Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт ажээ. 20 Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ. 21 Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа. 22 Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагдав.