17 1 Цаашилбал Ахитофел, Абсаломд

 —Арван хоёр мянган хүнийг шилж авч босоод, энэ шөнө Давидыг нэхэн хөөхийг зөвшөөрнө үү. 2 Түүнийг эцэж сульдсан байх үед нь би түүнийг дайрч, түүнтэй хамт байгаа бүх хүмүүсийг зугтах болтол түүнийг түйвэргэе. Тэгээд би зөвхөн хааныг нь алъя. 3 Би хамаг ард олныг тан дээр буцааж авчирна. Хүн бүрийн буцаж ирэх нь таны хайж буй ганцхан хүнээс шалтгаалж байна. Тэгсний дараа хүн бүхэн амар тайван байх болно гэж хэлэв. 4 Энэ үг Абсалом болон Израилийн бүх ахмадуудад таалагдав.

Хушаин зөвлөгөө

 5 Гэвч Абсалом

 —Архе хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв. 6 Хушаиг Абсалом дээр очиход Абсалом түүнд ийнхүү хэлэв.

 —Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох уу, үгүй юу? Хэрэв үгүй бол, чи үгээ хэлнэ үү? гэв. 7 Хушаи, Абсаломд

 —Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв. 8 Тэгээд цааш нь Хушаи

 —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь бас түүний цэргүүд догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд гаргууд мэргэшсэн хүн. Тэрээр ард олонтой хамт шөнийг өнгөрүүлэхгүй. 9 Хараарай, тэр одоо нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагасан хүмүүсээс олноороо хядуулжээ” гэж хэлнэ. 10 Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг хүчит хүн бөгөөд эрэлхэг зоригтой хүмүүс түүнтэй байдаг гэдгийг Израиль даяар мэднэ. 11 Харин Данаас Беершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна. 12 Түүнийг олж болохоор нэг газарт бид түүн уруу очиж, газар буух шүүдэр мэт түүнийг бид нөмрөн авч, өөрийг нь болон хамт буй хамаг цэргийн нэгийг нь ч амьд үлдээхгүй. 13 Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол бүх Израиль тэр хот уруу олс авчран тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв. 14 Абсалом болон Израилийн хамаг ард олон

 —Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.

Хушаи Давидыг аварсан нь

 15 Тахилч Задок Абиатар нарт хандан Хушаи

 —Абсалом болон Израилийн ахмадуудад Ахитофел тэгж зөвлөхөд нь харин би ийнхүү зөвлөгөө өгөв. 16 Тиймээс одоо хүн яаралтай явуулж Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг өнгөрч яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг ард олон алагдах вий” гэж хэл гэв. 17 Ионатан Ахимааз нар Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч хэнд ч харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж тэдэнд хэлсэнд тэд Давид хаанд хэл хүргэхээр болов. 18 Гэтэл нэг эрэгтэй хүүхэд тэднийг хараад Абсаломд хэлэв. Иймд тэр хоёр яаравчлан явсаар, Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаандаа худагтай бөгөөд тэд түүн дотор оров. 19 Эмэгтэй бүтээлэг авч ирээд, худгийн амыг бүтээж, дээр нь буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болгов. 20 Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж

 —Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд тэр эмэгтэй

 —Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав. 21 Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн Давид хаанд хэл хүргэхээр явав. Тэд Давидад

 —Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг тэгж зөвлөсөн байна гэв. 22 Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Иордан голыг гатлав. Үүр цайх үеэр бүх хүн Иордан голыг гаталж дуусжээ. 23 Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.

 24 Тэгээд Давид Маханаимд ирлээ. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав. 25 Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса, Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч израиль хүний хөвгүүн байв. 26 Ингээд Израиль болон Абсалом, Гилеадын нутагт хуарагнан буув.

 27 Давидыг Маханаимд ирэхэд Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби, Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар 28 ор дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, зармаг, хуурсан тариа, 29 зөгийн бал, цөцгий, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.